Нийгмийн даатгалынхаа үр ашгийг бид хүртэж чадаж байна уу?

Нийтлэл
January 13, 2020
1114

Өнөөдөр Монгол улсын иргэд бараг бүгд банкинд данстай атлаа нийт айл өрхийн 21 хувь нь л хуримтлалтай байна. Эсрэгээрээ нийт өрхийн 52 хувь нь ямар нэг зээлтэй, бүр дийлэнх нь давхар зээлтэй байна. Сар бүр банкинд зээлийн хүү төлж байгаа иргэдийн хэд нь ирээдүйд учирч болох нийгмийн эрсдэлийг тооцож хуримтлал үүсгэх боломжтой бол?  Нийгмийн даатгал төлөхөө больсон тэр цаг үеэс эхлэн нийгмийн бүхэл бүтэн нэг үе ядуусын эгнээнд шилжинэ гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь одоогийн нөхцөлд  Монгол улсын 5 иргэн тутмын 1 нь нийгмийн даатгалын үр шимийг хүртэж байна шүү дээ. Нөгөө талаас иргэд нийгмийн даатгалыг арилжааны даатгалтай харьцуулаад байдаг.  Зарим эрдэмтэн, судлаачид тэтгэврийн даатгалын хуримтлалын  тогтолцоотой улс орнуудтай жишиж тайлбар хийж байна. Дэлхийн улс орнуудад тэтгэврийн даатгалын хуваарилалтын, хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын гэсэн 3 төрлийн тогтолцоо хөгжиж байна. Хуваарилалтын гэдэг нь өнөөгийн шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр сан бүрдүүлж эргээд уг санг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр хэлбэрээр буцаан хуваарилж байна. Хагас хуримтлалын гэхээр авах тэтгэврийн тодорхой хэсгийг нь хуваарилалтын зарчмаар буюу нэгдсэн сангаас үлдэх хэсгийг өөрийнх хуримтлуулсан хэсгээс олгохыг, бүрэн хуримтлалын гэдэг нь авах тэтгэвэр нь зөвхөн өөрийнх нь төлсөн шимтгэлийн хуримтлалаас санхүүжүүлэхийг хэлж байгаа юм. Өндөр хөгжилтэй Сингапур, Швед зэрэг орнууд хуримтлалын тогтолцоотой. Харин Унгар, Франц зэрэг орнууд болон манай улс тэтгэврийн хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл нийт шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр бүрдсэн орлогоос одоогийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлж байна. Нийгмийн даатгал нь зөвхөн тэтгэвэр олгодог газар биш. Өвдсөн, өтөлсөн, жирэмсэн, ажил орлогогүй болсон, осол аваарт өртсөн,  хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, тэжээгчээ алдсан гээд нийгмийн эрсдэл тохиолдсон хүн бүрт өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. 
    Жишээ нь даатгуулагч нийтдээ  20 жил ажилласан, 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 100 мянган төгрөг төлнө. Шимтгэлийн хувь хэмжээг 2020 оноор тооцоолоход шүү дээ. Ингэхээр жилд 1.2 сая, 20 жилд 24 сая төгрөг төлнө гэсэн үг. Харин энэ хугацаанд даатгуулагчид үүсч болох нийгмийн эрсдэлээс үүдэлтэй санхүүгийн ачааллыг тооцож үзвэл 125.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг  нийгмийн даатгалын сангаас авах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл  шимтгэлд 24 сая төгрөг төлөөд эргээд 125.8 сая төгрөгийн үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас авахаар байна. Энэ тооцооллыг хийхдээ хамгийн бага буюу дундаж дүнгээр тооцсон учраас даатгуулагчид тохиолдох эрсдэлээс шалтгаалж үүнээс ч өндөр үнэтэй, олон  давтамжтай тусламж, үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. Бүгд нэгэн зэрэг тэтгэвэрт гардаггүй, нэг зэрэг өвдөж, нэгэн зэрэг хүүхэд төрүүлдэггүй учраас нийтийн төлсөн сангаас тэтгэвэр, тэтгэмж хуваарилан олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хуваарилалтын буюу эв санааны зарчим (Pay As You Go) үйлчилж байна гэсэн үг . Энэ утгаараа арилжааны сайн дурын даатгалаас ялгаатай. Мөн мөнгөө банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж хүүгээр өсгөхөөс ч ялгаатай. Нийгмийн даатгал (Social insurance) нь хүн амын нийгмийн хамгааллын бодлогын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол тэр даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэг хүлээж байгаа. 

Сэтгэгдэлүүд