“И МАРТ” ДЭЛГҮҮРТ 20 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл
March 13, 2020
2022
 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хоньны махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгөрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
УТАС: 115

Сэтгэгдэлүүд