А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шинэчлэлийн үр дүнд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ

Ярилцлага
October 04, 2021
1056
 
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын өнөөгийн байдал, шинэчлэл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барихаар болчихлоо. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа  болон тэтгэвэр, тэтгэмж авч байгаа  хүн бүртэй холбоотой асуудал учраас манай улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Урт хугацааны том сэдэв учраас эхнээс нь яривал цэгцтэй байх. Манай оронд 1990-ээд оноос эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эрчимтэй өрнөж байсан цаг үед  дан ганц улсын төсвөөс санхүүждэг байсан нийгэм хангамжийн тогтолцоог өөрчилж төр, иргэн, хуулийн этгээд харилцан хариуцлага хүлээж, шимтгэл төлж сан бүрдүүлэх, уг сангаас даатгуулагчид учирсан нийгмийн шинжтэй эрсдэлийг хуваалцах үндсэн концепци бүхий нийгмийн даатгалын шинэ тогтолцооны үндэс суурийг тавьсан.
Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аас 1994 онд баталж, 1995 оноос мөрдөж эхэлснээр Монгол Улсад хуваарилалтын зарчим дээр суурилсан, төрийн нийгмийн даатгалын эрх зүйн орчин бүрдэж, өнөөдрийг хүртэл ихэнх хүмүүсийн нийгмийн баталгааг хангаж байна. Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас  2.4 орчим их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгож байна.
УИХ-аас “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах үзэл баримтлалыг 1999 онд баталсан. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 2000 оноос мөрдөж эхэлснээр цалинд үндэслэн тэтгэвэр бодох аргыг өөрчилж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг хийсвэрээр бүртгэж, цалин хөлсний өсөлтийн гурван жилийн дундаж хүүгийн хэмжээгээр хийсвэрээр нэмэгдүүлэн тооцож, бүртгэсэн нийт дүнг амьдрах хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэвэр тогтоох аргыг нэвтрүүлсэн. Энэ нь хэдийгээр хуримтлалын зарчимтай төстэй  боловч зөвхөн өндөр насны тэтгэвэр бодох аргыг тодорхой насны иргэдэд хамаарахаар өөрчилж, мөн хуваарилалтын зарчмын агуулгыг хадгалсан.
-Монгол Улсын нийгмийн даатгалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхдээ даатгалын хуваарилалтын зарчимд тулгуурласан тухай ярилаа, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Дэлхийн улс орнууд тэтгэврийн даатгалыг хөгжүүлэхдээ хуваарилалтын буюу эв санааны нэгдлийн, хуримтлалын, хагас хуримтлалын гэсэн гурван үндсэн аргыг голчлон хэрэглэж байна. Нийгмийн даатгалын хуваарилалтын арга нь ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд даатгалын санд шимтгэл төлснөөр хожим нь тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ баталгаажуулахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, тухайн даатгуулагчийн сарын цалин хөлсний дундаж хэмжээ, шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамаарч тэтгэврийг тогтооно. Дэлхийн улс орны бараг дөрөвний гурав нь нийгмийн даатгалын тогтолцоогоо хуваарилалтын зарчимд тулгуурлан хөгжүүлж байна. Тухайлбал, төрийн тэтгэврийн даатгалын системийг 1889 онд нэвтрүүлж, нийгмийн хамгааллын салбартаа анхдагч орон болсон Герман улс 1957 оноос хуримтлалын тогтолцоогоо хуваарилалтын зарчимд шилжүүлэн өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Харин тэтгэврийн даатгалын хуримтлалын арга нь тухайн даатгуулагчийн төлсөн шимтгэл хуримтлагдан, тодорхой хүүгээр өсч, тэтгэврийн насанд хүрээд хуримтлагдсан мөнгийг цаашид амьдрах хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэвэр хэлбэрээр авахыг хэлдэг. Мөн хагас хуримтлалын зарчим нь хуваарилалтын болон хуримтлалын зарчмын хосолсон хэлбэр юм.
-Аливаа шинэчлэл, өөрчлөлтийг хийхэд тийм амар биш. Энэ үүднээс олон талаас  эрсдэлээ бас тооцсон байх. Хуримтлалын тогтолцооны эерэг болон сөрөг тал нь юу вэ?
-Хуваарилалтын тогтолцооны давуу тал нь тэтгэвэр авагч насан туршдаа тэтгэвэр авах нийгмийн баталгаа хангагдах, төрөөс баталгаа өгдөг учраас тэтгэвэр авагчид эрсдэл багатай, тэтгэврийн хэмжээ ажилласан жил, хөдөлмөрийн хөлснөөс хамаардаг ба авах тэтгэврийн доод хэмжээ тодорхой байдаг. Эсрэгээрээ энэ тогтолцооны сул тал нь улсын төсвийн ачаалал нэмэгдэх, өвлөгдөх боломжгүй, хүн ам зүйн үзүүлэлт сангийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Гэхдээ өнөөдрийн манай тэтгэврийн нэг төрөл болох тэжээгчээ алдсаны тэтгэвэр бол өвлөгдөж буй нэг хэлбэр юм. Харин хуримтлалын тогтолцооны давуу талыг тодруулбал,  тэтгэврийн хэмжээ төлсөн шимтгэлтэй уялдаатай шударга тогтоогдох, тэтгэвэр өвлөгдөх боломжтой, улсын төсвийн ачаалал буурах, хөрөнгө оруулалтын удирдлага сайжирснаар сангийн тогтвортой байдал хангагдах, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх, улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй бол сул тал нь бага шимтгэл төлбөл тэтгэврийн хэмжээ бага тогтоогдох, хөрөнгө оруулалтын менежмент муу бол сангийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй.
-Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх тухай багагүй хугацаанд яригдаж байна. Нийгмийн даатгалын шинэчлэлийн шаардлага, тулгамдсан асуудлыг тодруулахгүй юү. Өнөөдөр манай улсад үнэхээр хэрэгтэй өөрчлөлт, шинэчлэл мөн үү?
-Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ бид энэ чухал асуудалд хөнгөн хуймгай хандаж болохгүй. Судалгаа, мэдээлэл олон талын байр суурь гээд бүх талыг оролцуулах нь чухал. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ. Нийгмийн даатгалын шинэчлэл хийх талаар үе үеийн Засгийн газар, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яам, гадаад, дотоодын судлаач, мэргэжлийн  байгууллага судалгаа хийж, санал дүгнэлтээ илэрхийлсэн байдаг. Нийгмийн даатгалын тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд орсон 26 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Нийгмийн даатгалын шинэчлэх шаардлагыг хууль эрх зүйн үндэслэл талаас авч үзвэл, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/ зэрэг баримт бичигт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар дэвшүүлсэн зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулах шаардлагатай болсон. Практик шаардлага талаас нь нийгмийн даатгалын тулгамдсан асуудлыг тодорхойлж болно.
Нэгдүгээрт, ажиллах хүчний тоо буурч, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэнэ. Судалгаа, тооцооллоос үзэхэд өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 2025 онд 2020 оныхоос 80-аад мянгаар өсч 400.0 мянга болох бөгөөд 2030 онд 500  гаруй мянга, 2045 онд 810 гаруй мянгад хүрэх, мөн 2020 оны байдлаар 10 шимтгэл төлөгчид 5 тэтгэвэр авагч ногдож байгаа бол энэ үзүүлэлт 2030 онд 7, 2040 онд 8, 2080 он гэхэд 10 болох хэтийн тооцоолол байна.
Хоёрдугаарт, хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ. 2020 оны байдлаар хүн амын наслалт 76.2 байгаа бөгөөд 10 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 4.1 нэгжээр өссөн.
Гуравдугаарт, тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа нэмэгдэнэ. Тооцооллоос харахад 2019 оны байдлаар 55 насандаа тэтгэвэр тогтоолгосон иргэн 26 жил тэтгэвэр авч байгаа бол 2040 онд 28.7 жил, 60 насандаа тэтгэвэр тогтоолгосон хүн 17 жил тэтгэвэр авч байгаа бол 2040 онд 20.9 жил болж нэмэгдэхээр байна.
Дөрөвдүгээрт, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөж, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлнэ.
Тавдугаарт, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэж байна. Тэтгэвэрийн даатгалын сангийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2019 оны байдлаар 1.6 хувь байна. 2045 он гэхэд энэ үзүүлэлт 8 хувьд хүрэх төлөвтэй.
-Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл нь юу гэж дүгнэх бол?
-Тэтгэврийн даатгалын сангийн алдагдалд нөлөөлж буй хүчин зүйлд сангийн орлогыг бууруулж, зарлагыг нэмэгдүүлэх талаар гарсан шийдвэрүүдийг нэрлэж болох юм. Тухайлбал, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 19 хувь байсныг 2008 онд 14 хувь болгож, 5 пунктээр бууруулсан боловч 1990-2018 онд ажиллаагүй иргэдийн шимтгэл төлсөн хугацааг ажиласнаар нөхөн тооцсон, мөн 1995-2018 онд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөгүй шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжүүлсэн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд шимтгэл ногдуулах цалин хөлсөө дутуу тайлагнасныг нэмэгдүүлэн тооцсон, шимтгэл төлөх хугацааг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, малчдын тэтгэвэр тогтооход баримтлах насыг таван жилээр наашлуулах зэрэг нь сангийн зарлагыг  нэмэгдүүлсэн.
Мөн нийгмийн даатгалын сангийн тогтвортой, бие даасан байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд хүндрэл бэрхшээл бий болж байна. Тухайлбал,  дэлхийн нийтийг хамарсан Ковид 19 цар тахлаас улбаатай аж ахуйн нэгжийн санхүү төлбөрийн чадвар муудсанаас шимтгэлийг хугацаандаа төлөхгүй байх, дутуу төлөх, төлөлт удааширснаас өр авлага нэмэгдэх хандлагатай байна.Түүнчлэн зарим арилжааны банкны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дампуурснаас даатгалын байгууллага, банкны байгууллагын хооронд өр авлага үүссэн.
-Асуухгүй үлдээж болохгүй нэг асуулт мэдээж Капитал банкны асуудал. Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн яг хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсан юм бэ? Буцааж авахын тулд ямар ажил хийж байна гэдгийг иргэд болон сэтгүүлчид их асууж байна?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг. Харин 2016 оноос зарлагын гүйлгээ хийгдэхгүй болсон тул тус оны наймдугаар сараас хойш нэмж мөнгө байршуулалгүй, нийгмийн даатгалын сангийн харилцах данснуудаас хийж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг удаа дараа хүргүүлж ажилласан.
Харин 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр тус банкийг албадан татан буулгасан бөгөөд энэ үед нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн Капитал банканд байршиж байсан.Үүнээс хойш тус авлагыг барагдуулахын тулд АТГ, Монголбанк, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Капитал банканд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн дараалал урагшлуулах, төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэснээр төлбөр барагдуулах дарааллыг гурван түвшин дээшлүүлж, одоо барагдуулах ажиллагаа явагдаж байна. Тус банкны эрх хүлээн авагч зөвлөлийн гишүүдтэй 30 удаагийн уулзалт хийж, 25 албан бичиг хүргүүлж, холбогдох шаардлагатай мэдээллийг 32 удаа цахим шуудангаар солилцсон.
-Тэгэхээр эхнээсээ авлагыг барагдуулаад эхэлсэн гэсэн үг үү?
-Дээрх дурдсан ажлын үр дүнд эхнээсээ нэхэмжлэлийг барагдуулж, одоогийн байдлаар 7.4 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Одоо банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзэж, судлах, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ банктай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна.
Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хэргийг шалгах явцад прокурорын байгууллагаас Капитал банкны эзэмшилд байгаа томоохон хөрөнгүүдийг битүүмжилсэн тул хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явагдахгүй төлбөр барагдуулалт удаашралтай явагдаж ирсэн. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдвэл хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах ажил явагдаж, авлага барагдуулалт хийгдэх юм.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар эргээд яриагаа үргэлжлүүлье. Багц хуульд ямар ямар хуулийн төсөл багтаж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон байгаа.
-Хуулийн төсөлд шинээр тусгасан онцлог заалтуудын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоонд баримтлах зарчмыг шинээр тусгасан. Тухайлбал, төр, ажил олгогч, даатгуулагчийн оролцоог хангасан байх, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурласан байх зарчим баримтлахаар заасан.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан.Тухайлбал, Хуулийн нэр томьёог оновчтой тодорхойлох, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өсгөх замаар дундаж давхаргын нийгмийн баталгааг найдвартай хангах, нэрийн дансны хийсвэрээр тооцсон орлогыг мөнгөжүүлэх, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог оновчтой тогтоох, сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зөвхөн нэг нийгмийн даатгалын хуулиудаар зохицуулах, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахимжуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих, ажил олгогчид хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байна.
-Олон нийтэд илүү ойлгомжтой мэдээлэл хүргэх зорилгоор зарим зохицуулалтыг тодруулан асууя. Жишээ нь, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улс нь олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой байхаар тусгаж, нэгдүгээр давхарга буюу суурь тэтгэвэр, хоёрдугаар давхарга буюу тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, гуравдугаар давхарга буюу хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргаас бүрдэнэ. Суурь тэтгэврийг улсын төсөв, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс санхүүжүүлнэ.
Нийгмийн даатгалын холбоотой асуудлыг зөвхөн нийгмийн даатгалын харилцааг нарийвчилсан хуулиар зохицуулах бодлого баримталж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан. Зарим салбарын хууль тогтоомжид нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж иргэн хохирох нөхцөл болж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо өөрийн шимтгэл төлсөн цалингаас бус тухайн үед Цэцийн гишүүнд олгож буй цалингийн 60 хувиар тооцож тэтгэврийг тогтоож, тэтгэврийн даатгалын сангаас олгохоор заасан нь даатгалын зарчимтай зөрчилдөж байна.
Мөн Монгол Улсын Хилийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Дипломат албаны тухай хуульд зарим иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох хугацааг заасныг Нийгмийн даатгалын тухай хуульд тусгах замаар хуулиуд хоорондын уялдааг хангах  шаардлагатай.
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өсгөх зохицуулалтын хүрээнд олон жил шимтгэл төлөхийг урамшуулна. Тухайлбал, 30 жил шимтгэл төлсөн иргэний өндөр насны тэтгэврийг одоогийн хуульд зааснаар сарын дундаж цалин хөлсний 67.5 хувиар тогтоож байгаа бол хуулийн төсөлд тусгаснаар 70 хувь, харин 40 жил шимтгэл төлсөн бол энэ үзүүлэлт 80 хувь болж одоогийнхоос 5 пунктээр нэмэгдэнэ. 121-180 сар шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дундаж цалингийн  60 хувиар, 181-ээс дээш сар төлсөн бол 70 хувиар тус  тус бодно. Энэ нь одоогийн түвшингээс 5-15 пунктээр өснө гэсэн үг. Мөн ажилгүйдлийн тэтгэмж бодоход баримтлах хувь хэмжээ 5-20 пунктээр нэмэгдэнэ.
Малчдын нийгмийн даатгалд хамралтыг нэмэгдүүлж, улсын төсвийн ачааллыг бууруулна. Малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг малчин өөрөө төлөхөөр зохицуулна. Ингэснээр шимтгэл төлөлтийг урамшуулж, орлого нэмэгдсэнээр улсын төсвийн ачаалал урт хугацаандаа буурч, малчдын нийгмийн баталгаа сайжирна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ? Шимтгэлийг ямар байгууллага цуглуулахаар хуулийн төсөлд тусгасан бол?
-Ажил олгогч, даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд тусгасан. Харин сайн дурын даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх эсэхээ өөрөө сонгох зохицуулалтыг тусгасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг татварын байгууллага цуглуулахаар хуулийн төсөлд тусгасан.
-Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр байх тухай Та ярилаа, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна. Иймд даатгуулагчийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.
Олон улсын түвшинд ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг. 2014 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 28 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө байна.
Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллагууд өөрсдийн ажиллагчдыг хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Голомт банкны дэргэдэх Тэтгэврийн ууган сан ТББ, Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох Ард лайф ХХК, Нэйшнл лайф урт хугацаат даатгалын компаний тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн зэргийг дурдаж болно.
Хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа практикт бий болсон боловч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдаж мөнгөө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсвэл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга замууд тодорхойгүй байна.
-Тэгэхээр эдгээр асуудлыг тодорхой болгох нь ээ?
-Эдгээр сангуудад холбогдох төрийн байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай бий болсон.
Тиймээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулаад байна. Энэ хуулийн төслийн зорилт нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа.
Хувийн нэмэлт тэтгэвэр нь сайн дурын байх, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, үйл ажиллагаа ил тод байх, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх, өвлөгддөг байх зарчимд тулгуурласан байна.
Иргэн сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах харилцааг энэ хуулиар зохицуулна.
-УИХ-ын гишүүн Х.Учралын санаачилсан Хувийн тэтгэврийн хуулийн төсөл, танай яамнаас боловсруулсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  хуулийн төсөл хэрхэн уялдаж байгаа болон ялгаатай тал байна уу?
-Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг. Гэхдээ хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байна.  Нэгдүгээрт, хувийн тэтгэвэр нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр бус, албан журмын хэлбэртэй, нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж байгаатай санал нэгдэхгүй байна.  Хоёрдугаарт, Татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй. Энэ хоёр хуулийн төслийг УИХ дээр нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа.
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл батлагдаж, нийгмийн даатгалын шинэчлэл хийгдсэнээр гарах үр дүнг хэрхэн харж байна?
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж болно. Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэж урт хугацаанд улсын төсвийн ачаалал буурна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэж, хяналт сайжирна. Нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ. Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд болон сургалтын зардал, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ. Даатгуулагч нийгмийн даатгалын ямар төрөлд даатгуулах нь тодорхой болно. Ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүрэг ойлгомжтой, тодорхой болно. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн худалдан авах чадварыг сайжруулна. Төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэнэ. Илүү ажилласан жил тутамд тэтгэвэр бодох хувийг нэмэгдүүлнэ. Тэтгэмж бодох хувь хэмжээг нарийвчлан тогтооно. Нэмэлтээр даатгуулах сонголттой болно. Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина. Ажил олгогчид хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг үзүүлнэ. ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлнэ. Аж ахуйн нэгж байгууллага хувийн тэтгэврийн менежмент хийх боломж бүрдэнэ. Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулах, татвар хураах үйл ажиллагаа нэгдмэл болно.
Сэтгэгдэлүүд