Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн 85 хувийг ногоон байгууламж болгоно

Мэдээ, мэдээлэл
June 04, 2022
815
Улсын Их Хурал дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг-уулзалт зохион байгуулж байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2, Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм. Хэлэлцүүлэгт УИХ-н дарга Г.Занданшатар оролцож хэлсэн үгэндээ: Энэ зун нийслэл хотод явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, голын эрэг дагуух амралт, зугаалгын бүсийн тохижилт гээд олон ажлууд эхэлчихсэн байгаатай танилцаж, санал солилцлоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнг иргэдэд нээлттэй болгож, нийт 35 га газрын 85 хувийг нь ногоон байгууламж болгохоор төлөвлөжээ. Цаашид парк болон бусад газрыг зориулалтын бусаар хувьчилахыг зогсоож, улсын тусгай хэрэгцээнд авахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах болно. Гэр бүлээрээ салхилах төгөл, хүүхдийн тоглох талбай, амарч зугаалах эко орчинг бүрдүүлэхэд Нийслэлийн удирдлагууд, УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүд хамтарч ажиллахаар олон шийдлийг санал нэгтэй дэмжсэн үр дүнтэй уулзалт болсоныг онцоллоо.
Сэтгэгдэлүүд