Л.Батжаргал: Барилгын салбар нь улс орны хөгжлийг тодорхойлдог гол түлхүүр юм

Ярилцлага
August 30, 2022
121
 

Энэ удаагийн ярилцлагын зочноор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргалыг урилаа. Тэрбээр ШУТИС-ийн Эрчим хүч, автоматикийн инженер, Барилга угсралт, барилга бүтээцийн инженер гэх хос мэргэжилтэй бөгөөд 2016 оноос БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга, Сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг 2020 он хүртэл амжилттай хашжээ. Харин “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд 2020 оноос хойш томилогдон ажиллаж байгаа юм.
-Ажлын карьераа хэрхэн эхлүүлж байв. Өнөөдрийг хүртэл өсч хөгжиж ажиллахад танд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юу вэ? 
-Төгсөх курсын оюутан байхдаа “Монгол машин концерн” ХХК-д Цахилгааны инженерээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Оюутан байхаасаа ажиллаж эхэлсэн болохоор, мөн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн учраас багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Дараа нь “Таван богд моторс” ХХК-ийн Худалдааны төвийн барилга угсралтын ажил дээр хяналт тавин ажиллаж байсан. Мөн “Найрамдал” зуслан төсөл дээр Японы инженерүүдтэй хамтран 110 кВ-н хуваарилах байгууламжийн төслийн удирдагчаар томилогдон төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Өнөөдрийг хүртэл өдий дайтай яваа маань эзэмшсэн мэргэжил минь л гэж бодож мэргэжлээрээ эрчим хүч, барилгын салбартаа тасралтгүй ажиллаж байна. Төр, хувийн хэвшилд ажиллах хугацаандаа Шинэ төмөр замын төсөл, Нефть боловсруулах үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр, Нарны зайн станц төсөл, үйлдвэрийн барилга зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг удирдлагаар ханган, баг, хамт олонтойгоо амжилттай ажиллаж байсан. Энэ төслүүдэд хариуцан ажиллах боломж олгосон хамт олон, удирдлагууддаа, хамтран ажилласан баг хамт олондоо маш их талархаж явдгаа энэ ташрамд хэлмээр байна.
-Олон төсөл удирдаж байсан хүний хувьд төслөөс суралцдаг гол зүйл юу вэ? 
-Төсөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Одоо хэрэгжүүлж байгаа төслүүд маань ч гэсэн өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Тухайлбал, “Солонго 1, 2” төсөл гэхэд ухаалаг технологийг илүү сайн шингээж байгаа бол “Залуус” хороолол маань технологийн парк, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг IT тал руугаа байх жишээтэй. Тэгэхээр төсөл бүр онцлогтой, аливаа төслийг удирдах, том багийг удирдан ажиллахад онцлог зүйлс байлгүй яах вэ.
-Гадны хэчнээн улс орноор ажлын болон аяллын шугамаар явж байсан бэ. Танд хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн ямар хот байна вэ? 
-Ер нь ажлын болон аяллын шугамаар нэлээд олон оронд очиж үзсэн. Тэгэхдээ хамгийн анхны ажлын томилолт маань хувийн хэвшилд ажиллаж байхад маань тохиосон. Германы Берлин болон Дрезден хотуудад томилолтоор ажиллаж байсан маань сэтгэлд их тод үлдсэн байдаг. Учир нь Герман бол шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг, эрчим хүч, барилгын салбар нь ч өндөр хөгжсөн улс. Тодруулбал, 1970-аад оноос эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт, тавигдах шаардлага, шалгууруудыг тавьж эхэлсэн, норм норматив, стандартыг ягштал баримталдаг учраас л дөнгөж төгсөөд ажиллаж байгаа инженерт тэгж тод үлдсэн байх.
-Та хэр ачаалалтай ажилладаг вэ. Оюун санаагаа цэгцлэх, өөрийгөө цэнэглэх зав хэр байдаг вэ? 
-Ерөнхийдөө ажил хийж байгаа бүх л хүнд их, бага ачаалал үүсэх нь мэдээжийн хэрэг. Миний хувьд сагсан бөмбөг тоглох, ууланд алхах зэрэг спортоор хичээллэх их дуртай. Их ажлын дараа хамт олонтойгоо заал авч, стрессээ тайлдаг даа. Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс хамт олноороо заал авч, спортоор хичээллэх нь уур амьсгалыг бүрүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндэд ч чухал ач холбогдолтой гэж үздэг. Барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “BARILGA BASKETBALL 2022” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй баг мөнгөн медаль хүртэж амжилттай оролцсон.
-Ур чадварын хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг, хэр цагийн менежменттэй хүн бэ? 
-Салбарынхаа хууль тотоомж, дүрэм журам, стандарт, норм норматив гээд бүх л бичиг баримттай танилцаж, тухай бүрт нь сургалтад хамрагдаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн  ажиллаж, сурч боловсрохыг хичээдэг. Цагийн менежментийн тухайд бол долоо хоногоор төлөвлөгөөгөө гаргаж, ажлуудаа эрэмбэлдэг. Үр дүнтэй цагийн менежментийн нууц нь зорилго ба чухлыг чухал бусаас ялгах чадвар гэсэн байдаг шүү дээ.

Байгууллага амжилттай байхын суурь нь сайн баг, хамт олон байдаг тул багаа хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Хүн бүр нэг зорилгын төлөө, нэг тэмүүлэл дор хүчээ дайчлан ажилладаг, багийн гишүүн бүр давуу тал, мэдлэг чадвараа дайчлахын зэрэгцээ бүгд бие биеэ маш сайн ойлгодог байх нь сайн баг, хамт олны шинж гэж би хувьдаа боддог. Манай баг, хамт олон ч байгууллагын зорилгоо биелүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллаж байна.
-Барилгын салбарын өнөөгийн байдлыг та юу гэж дүгнэж байна? 
-Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил болсон байна. Энэ хугацаанд барилгын салбарын хөгжил сайн байсан гэж боддог. Өмнө нь хятадууд л барилга барьдаг байсан бол одоо дотоодын хувийн хэвшлийнхэн маань өөрсдөө барьж байна. Барилгын материалын сонголтууд их болсон, зураг төслийн багийнхан маань ч олон улсын хэмжээний чанартай зургуудыг хийж байна. Цементийн үйлдвэр гэхэд л жилдээ 4.3 орчим сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон зэрэг чамлахааргүй амжилтууд гарсан байна. Барилгын салбарын хөгжлийн томоохон шийдвэрүүдийн нэг бол ипотекийн зээл. Энэхүү зээл гарснаар барилгачдын барилга барих хурд, борлуулалт нэмэгдсэн. Нөгөө талаас иргэд орон сууцтай болох боломжууд нээгдсэн. Зээлийн хүү буурч, 6 хувь болж өрхийн орлогын харьцааг шинэчилснээрээ залуу гэр бүлүүд зээлд хамрагдах бүрэн боломжтой болсон.
-Барилга, бүтээн байгуулалтын салбар улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлдэг.  Үүн дээр таны бодлыг сонсъё? 
-Барилгын салбар гэдэг улс орны хөгжлийг тодорхойлдог гол түлхүүр салбаруудын нэг. Энэ салбарт шууд болон шууд бусаар нийт 100 орчим мянган хүн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Шинэ барилга баригдах бүрт түүнийг дагаад барилгын материалын үйлдвэрүүд ажиллаж байдаг. Мөн шинэ байранд орж буй айл өрх бүр шинэ тавилга, ахуйн хэрэглээний бүхий л зүйлсийг худалдан авдаг тул энэ бүхнийг үйлдвэрлэж, худалдан борлуулж байгаа байгууллагуудын бараа бүтээгдэхүүн эргэлтэд орж байдаг. Энэ нь эдийн засгийг хөдөлгөдөг нэлээд том хүч юм. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд ашиглалтад ороход шууд байдлаар ажлын байр нэмэгддэг. Тиймээс барилгын салбарын нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр өндөр гэж хувь хүнийхээ зүгээс хардаг.
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК гэх энэ байгууллагын төрийн чиг үүрэг нь юу вэ?
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь 2006 онд Засгийн газрын 37 дугаар тогтоолоор “Орон сууцны үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсан. Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоот компани юм. 2021 оны 10 дугаар сарын нэгний өдөр “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 14 дүгээр тогтоолыг батлан, бүтцийн өөрчлөлт хийгдэж 3 газар, 1 хэлтэстэйгээр, орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байхаар тогтоосны дагуу ажиллаж байна.
2006-2009 онд “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, жилийн 11 хувийн хүүтэй моргейжийн зээлийг 1,620 өрхөд олгосон. 2010-2014 онд “4,000 орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлж, 4,500 гаруй төрийн албан хаагчид 8 хувийн хүүтэй зээл олгосон. 2011-2014 онд “100,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 1,305 өрхөд 8 хувийн зээлийг олгосон. Цаашлаад “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, тухайн онуудад 7,111 айлын орон сууцыг барьж иргэдийг орон сууцжуулсан, 7,635 иргэнд ипотекийн зээлийг олгосон бөгөөд нийтдээ 15,000 орчим иргэн буюу тэр тооны айл өрхийг орон сууцжуулсан байна.
-Танай байгууллагын зорилго нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх гэлээ. Түүнийг нь ямар зарчмаар шийдвэрлэн ажиллаж байна?
-Бидний хэрэгжүүлдэг нэг ажил нь Засгийн газрын тогтоолоор “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д бүрдүүлсэн орон сууцад зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулж, оруулах ажил байдаг. “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д нийт 1,512 айлын орон сууц байгаагаас 725 нь орон нутагт үлдсэн хувь нь “Буянт-Ухаа 2”, “Хангай” хотхонуудад байдаг. 2019 онд Засгийн газрын тогтоолоор “Түрээслээд өмчлөх журам” батлагдсан. Энэ хүрээнд түрээсийн орон сууцад оршин суугчид хоёр нөхцлөөр тухайн сууцаа өмчлөх боломж бүрдсэн.
Тодруулбал, 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөртэйгээ цуг урьдчилгаа 30 хувиа хувааж төлөөд, ипотекийн зээлд хамрагдах, эсвэл 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөр дээрээ тухайн орон сууцны нийт үнийн дүнг хувааж төлөөд, 100 хувь худалдаж авах гэсэн хоёр төрлөөр өмчлөх хүсэлтээ ирүүлсэн иргэдтэй гэрээг нь шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс зорилтот бүлгийн иргэдэд зах зээлийн үнээс 4-5 дахин бага үнийн саналтайгаар орон сууцыг санал болгож, түрээслээд өмчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн “Түрээсийн орон сууц”, “Түрээслээд өмчлөх орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл зорилтот бүлгийн иргэд орон сууцад хамрагдах боломж бүрдэнэ. Сайны хажуугаар саар гэгчээр байгууллагын нэрийг ашиглан, залилангийн гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хохироож байгаа гэмт этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс иргэд маань энэ мэтийн гэмт этгээдүүдээс болгоомжилж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх тал дээр анхаарахыг энэ ташрамд сануулж байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх томоохон ажил байдаг. Энэ ажлыг ипотекийн зээлтэй уях шаардлагатай болов уу гэж хардаг. Таны хувьд? 
-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг их хүнд, томоохон төслийн нэг. Айлуудыг нүүлгэнэ, тухайн газраа халдваргүйжүүлнэ. Нүүлгэсэн айлаа барилга ашиглалтад орох 2 жил буюу 24 сарын хугацаанд сар бүр түрээс төлдөг түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь дахин төлөвлөлтөд орсон компани өөрөө төлдөг. Тэгэхээр дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагуудыг төр засаг, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих нь зөв болов уу.
Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан компаниудад ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувийг гаргаж өгөх. Жишээлбэл, жилд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гардаг байлаа гэж бодоход түүний 200 тэрбумыг дахин төлөвлөлтийн компанид хуваарилах шийдвэрийг гаргаж өгснөөр тэдгээр компаниудад ажиллах урам зориг нэмэгдэж, борлуулалтад нь ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдэг итгэл үнэмшилтэй болно. Мөн гэр хорооллын төлөвлөлтийн ажилд олон компани орохын хэрээр агаар, хөрсний бохирдол тодорхой хэмжээнд багасна. Агаар, хөрсний бохирдол бууруулах ажилд оролцож байна гэдэг үүднээс зээлийн хүүг нь ч багасгах боломжтой болох байх.
-Агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дахин төлөвлөлтөөс гадна өөр гарц байна уу? 
-Ерөнхийдөө хэсэгчилсэн байдлаар хийн хэрэглээнд шилжих нь зөв байх. Тухайлбал, урд хөршийн хувьд агаарын бохирдлыг бууруулах үүднээс байгалийн хийн хэрэглээнд шилжих замаар нүүрсний хараат байдлыг багасгах гэж оролдож байна. Хэдий байгалийн хий ч мөн хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлөх гол хүчин зүйл болж байгаа ч энэ нь нүүрснийхээс хоёр дахин бага байдаг юм байна. Болж өгвөл усан цахилгаан станц, салхины станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэх нь нэг гарц шийдэл гэж бодож байна.
Үүнээс гадна шинэ технологийн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудад ипотекийн зээл гаргах ажилд банкуудыг татан оролцуулж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан иргэдэд ипотекийн зээлийг олгоод эхэлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцтай хосолмол байдлаар хэрэгжиж, утааны хувь илүү багасна.
Манай компани эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл дээр “Hybrid house” компани, “ТоС” холбоо, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-ын гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг хотхоныг барьж, ашиглалтад оруулсан.

 Дэнжийн 1000-д баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоныг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд танилцуулав. 
Гэр хороололд баригдсан энэхүү эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхон гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах хайбрид технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ давуу талтай.
Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн, 1-2 давхар амины орон сууц юм. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй, эко сууцыг олноор нь барьснаар агаар болон хөрсний бохирдлоос ангижирах бүрэн боломжтой гэж харж байгаа юм. Уг төслөө бид орон нутагт хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулан ажиллаж байна.
-Танай шинэ төслүүд хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Манай “Залуус 1, 2”  хороолол, “Солонго 1,2” хороолол,  “Эко Яармаг 1” төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хотод 13,000, орон нутагт 1,500 орчим айлын орон сууц босч, нийт 15,000 орчим айл өрх орон сууцтай болно. Энэ хэрээрээ яндангийн тоо цөөрч, Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн хангамжийг сайжруулах зэрэг ач холбогдолтой. 5,616 айл буюу ойролцоогоор 20.000 орчим иргэн заавал хотын түгжрэлд орохгүйгээр ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх юм. Энэ мэтчилэн шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүддээ иргэдийн ая тухтай байдлыг хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна.

-Орон сууцны зах зээлд эрэлт нийлүүлэлтийн байдлын талаар мэдээлэл өгөөч? 
-Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хийсэн судалгаагаар, Улаанбаатар хотын орон сууцны эрэлт ба нийлүүлэлтийн зөрүү 2027-2030 онд тэнцвэржинэ гэж таамагласан байдаг. Нийслэлд орон сууцны эрэлт хангалттай байгаа ч сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөхцөл байдал болон төрөөс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, банк санхүүгийн байгууллагын шалгууртай холбоотойгоор нийлүүлэлт нь боломжит эрэлтээс их байгаад байна. Улаанбаатар хотод ойрын таван жилийн хугацаанд дахин 210 гаруй мянган өрх орон сууц худалдан авах хэрэгцээ байгаа боловч эдгээрийн ердөө 16 хувь нь буюу 35 мянга гаруй нь л худалдан авах чадамжтай гэдэг тооцоо бий. Зах зээл дээр нийлүүлэгдэж буй нийт орон сууцны 83 орчим хувь нь ипотекийн зээлийн шаардлагад нийцүүлсэн дундаж, стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байна. Цаашдаа дундаж өрхийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны загвар, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч улмаар дундаж иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэнээр орон сууцны боломжит эрэлт 2030 он хүртэл жигд үргэлжилнэ гэсэн байгаа юм.
-Хотын А бүсэд шинээр барилга барьж, үүнийг дагаад түгжрэлийн асуудал нэмэгдсээр байна. Тэгэхээр хотын А бүсэд барилга барихыг багасгах талаар авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний тал дээр танд бодож явдаг зүйл бий юу? 
-Нийслэлийн төв хэсэг тэр дундаа А бүсэд барилга барих зай талбай одоо бараг үгүй болсон. Хэрвээ үнэхээр дахиж орон сууц барихыг багасгая гэвэл тухайн баригдаж буй орон сууцны зээлийн хүүг нэмэх нь зөв байх. Тодруулбал, үндсэн 6 хувийн ипотекийн зээлээ олгодгоороо олгоод дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны зээлийн хүүг 4, харин хотын төв буюу А бүсийнхийг 8 хувь болгож болно. Ингэхээр дундаж хувь үндсэн 6 хувь л гэсэн үг. Иймэрхүү байдлаар орон сууцны баригдаж буй байршил, онцлог, нөхцөлөөс шалтгаалаад зээлийн хувиа сонголттой болгох ёстой. Бусад улсын моргейжийн зээлийн нөхцөлийг судлахад тогтсон нэг хувиар биш дээр хэлсэнчлэн шийдвэрлэсэн байдаг.
-Төрийн байгууллагын удирдлага хүний эрхэмлэж, дагаж мөрдөж байх ёстой гол зарчим юу гэж боддог вэ. Төрийн удирдлага, бизнесийн удирдлагын ялгааг та юу гэж тайлбарлах вэ? 
-Төрийн удирдлага нь удирдан зохион байгуулах, төлөвлөлт хийх, хяналт тавих, манлайлан удирдах, бодлогын баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах зэрэг чадвартай байхын зэрэгцээ төрийн албыг би хувьдаа нийтийн алба гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийтэд үйлчлэх ёстой субьект нь төр юм. Харин бизнесийн удирдлагын тухайд зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх, хэрэглэгчиддээ чиглэсэн тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх гээд бизнесийн өөрийнх нь онцлогоос хамаарах асуудал.
-Барилгын салбарын хүнд суртлыг арилгах зөв гарц нь төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Барилгын салбарын үйл ажиллагаа үе шаттайгаар цахимжиж байна. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлж, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулснаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн. Ингэснээрээ барилгын тусгай зөвшөөрөл дагасан асуудлууд цэгцэрч, иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл нь нээлттэй ил тод болж байгаа юм. Ерөнхийдөө төр өөрөө бүх чиг үүргээ хэрэгжүүлэх гэж улайрах шаардлагагүйгээр төрийн зарим чиг үүргийг нийтийн эрхзүйн субьектууд болон хувийн сектор, ТББ-уудаар гүйцэтгүүлж хийлгэх байдлаар хамтарч ажиллаж болно. Тэгэхдээ хувийн сектор, ТББ-уудаар гүйцэтгүүлэхдээ төр хяналтаа сайн тавьдаг байхад л болно гэж бодож байна.
-Салбарынхан хамтдаа бүх туршлагаа хуваалцаад зэрэг хөгжөөд явах нь зөв санагддаг. Харин та өрсөлдөөний тухай ямар бодолтой байдаг вэ?
Өрсөлдөөн байх ёстой. Тухайлбал, бизнес эрхлэгчид өрсөлдсөнөөр үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, өртөг зардлаа бууруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх, эцсийн бүлэгт улс орны эдийн засгийг хөгжүүлэх хөдөлгөгч хүч, зохицуулагчийн хувьд өрсөлдөөн зайлшгүй байх ёстой зүйл. Тийм ч болохоор эрдэмтэн Адам Смит өрсөлдөөнийг эдийн засгийг зохицуулагч “далд гар” гэж нэрлэсэн байдаг. Хэрэглээ, технологи, чөлөөт үнэ гэх мэт өөр “далд гар” ч байна. Тэгэхээр аль ч салбарт өрсөлдөөн бол байх ёстой зүйл.

Сэтгэгдэлүүд