НДШ-ийн 17 хувиас 2 хувийг мөнгөжүүлнэ.

Улс төр
June 19, 2023
363

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн, яаралтай батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин:

Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн найруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 223 мянга орчим малчин бий. Малчдын 20 гаруй хувь НДШ төлдөг. Хамрагдалт бага. Хэрвээ малчин өөрөө НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх юм бол төрөөс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалт оруулсан. Нэг талдаа сангийн бүрдүүлэлтийг дэмжих, олон тооны малчин иргэнийн ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах суурь заалт оруулсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн  17 хувиас 2 хувийг мөнгөжүүлнэ. Одоогийн тогтолцоогоор НДШ-ийг буцаагаад шууд тэтгэвэр олгоход зарцуулдаг.  Иргэд “миний нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ” гэж асуудаг.  Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн 2 хувь мөнгөжинө. Төсвийн орлого нэмэгдэх тусам энэхүү 2 хувь нь  4 хувь, 6 хувь болж нэмэгдэнэ. Нэрийн дансан дээр мөнгөжих тогтолцоо руу явж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоотой болохооор хуулийн төсөл боловсруулж байна. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт орж ирнэ. Иргэдийн тэтгэвэр, баялгийн хуваарилалтаас хуримтлал үүссэнээр иргэд нэн шаардлагатай буюу ипотекийн зээлийн урьдчилгаа зэрэг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна.
Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлнэ. Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах бололцоог бүрдүүлнэ. Хаврын чуулганаар багц хууль батлагдаж байж, эдгээр зохицуулалт 2024 оноос хэрэгжих боломж бүрдэнэ.
Хоёр хувийг мөнгөжүүлнэ гэж байгаа боловч жилдээ 369 тэрбум төгрөгийг тэтгэвэрт тавихгүйгээр мөнгөн хэлбэрээр хадгална. Тэр хэрээр төсвөөс НДШ-рүү татаас олгоно гэсэн үг. Түүний тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ёстой.Сангийн яамтай энэ асуудлыг хэлэлцээд тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоо руу аажмаар шилжих алхам хийх нь зүйтэй гэж үзсэн. 
 

Сэтгэгдэлүүд