Д.Жаргал: Барилгын компаниудын хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна

Ярилцлага
January 10, 2024
11767

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргалтай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. БХБ-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуй” аяныг 3 сарын хугацаатай улс орон даяар өрнүүлж, дууссан байна. Аяны тухай  мэдээллээр ярилцлагаа эхэлье. Аяны хүрээнд ямар ажлуудыг хийв. Хамрах цар хүрээ, зохион байгуулсан ажлынхаа талаар танилцуулбал?
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 3 сарын аяныг 4 бүлгийн хүрээнд 22 ажил зохион байгуулахаар төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж, улсын хэмжээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Сайдын албан даалгавар болон зөвлөмж, мэдээллийг  бэлтгэн олон нийтэд түгээх, үзүүлэх дадлага сургуулилт, танхимын болон онлайн сургалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Статистикаар сүүлийн жилүүдэд барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүйгээс үүдэн гарсан осол аваарын  тоон үзүүлэлтийн тухайд?
Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 38 хөнгөн, 87 хүнд, 44 хүн нас барсан, 2022 онд нийт 50 осол бүртгэгдсэнээс 7 хөнгөн, 28 хүнд, 15 хүн нас барсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 11 осол, хурц хордлого бүртгэгдсэнээс  5 хөнгөн, 5 хүнд, 1 хүн нас барсан мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулан 1097  тооны барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлсэн.  290 аж ахуйн нэгжийн 2827 инженер, техникийн ажилтнуудыг 646.252.200 төгрөгөөр амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан. Аяны хугацаанд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин үйлдвэрлэлийн осол гэмтэл өмнөх оны үзүүлэлтээс үйлдвэрлэлийн хөнгөн гэмтэл 28.6 хувиар, хүнд гэмтэл 82.1 хувиар, нас баралт 93.3 хувиар буурсан байна. Өндөр барилгуудад суурилуулсан краны техникийн болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан нь аяны хүрээнд урьдчилан сэргийлэх томоохон шалгалт болсон бөгөөд өргөх байгууламжид 2022 онд 20 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 14 хөнгөн, хүнд гэмтсэн, 6 хүн нас барсан, 2023 онд 4 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 2 хөнгөн, хүнд гэмтсэн, 2 хүн нас барсан. Өмнөх оны үзүүлэлтээс техникийн хөнгөн, хүнд гэмтсэн 85.7 хувиар, нас баралт 66.6 хувиар буурч, аяны хүрээнд краны техникийн осол, гэмтэл бүртгэгдээгүй байгаа нь аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тодорхой чиглэсэн ажлуудыг тогтмолжуулж хийж хэвшүүлснээр осол гэмтлийн эрсдлэлийг буурлуулах боломжтой нь харагдаж байна.
Барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад цаашид юун дээр анхаарах шаардлагатай байна вэ, ямар зөвлөж хүргүүлж байв
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах гэсэн заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт болон захиалагч, зохиогчийн хяналт, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид өгч магадлан баталгаажуулалт хийх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, барилгын норм нормативын баримт бичгийг барилгын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хэрэгтэй байна.
Салбарын яамнаас энэ талаар цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?
Барилга байгууламжийн зураг төслийг зөв оновчтой төлөвлөх, шаардлага хангасан барилгын материал бүтээгдэхүүн хэрэглэх, угсралтын ажлыг чанартай гүйцэтгэх, ажиллагсадын болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авч, хуулийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шаардлага хангасан барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, барилгын ашиглалтын үед анхны төлөвлөлт, зориулалт, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулахгүй байх, ашиглалтын үеийн төлөв, чанар аюулгүй байдлыг хангуулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлууд тавигдаж байна. Энэхүү хүрээнд Барилгын тухай хууль болон барилгын норм нормативын баримт бичгийг үе шаттай шинэчлэн боловсруулах ажлуудыг хийж байна.
 Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй  аж ахуй нэгж, компаниудад  цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн аюулгүй ажиллагааг баримталж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэж хэлсэн?
Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй барилгын угсралтын үйл ажиллагааг явуулж буй 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гарган Барилгын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байна. Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 2 жил дарааллан эрхлээгүй 89 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар тушаалаар хүчингүй болгосон зэрэг барилгын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Барилгын тухай хууль, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, цомог, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2023 онд нийт 150 норм нормативын баримт бичиг боловсруулахаар тусгагдсанаас боловсруулж байгаа 102 норматив баримт бичиг, шинээр боловсруулах 48 норматив баримт бичиг байна. Тухайлбал "Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг боловсруулан Засгийн газрын 2023 оны 97 дугаар тогтоолоор,"Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг 98 дугаар тогтоолоор тус тус батлуулаад байна. Мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/ зэргийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Мөн улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бус эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн угсралтын ажил болон ашиглалтын чанар, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Барилгын салбараас баримталж буй бодлого, шийдвэр болон норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангаж ажиллах, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, захиалагч, зохиогчийн хяналтыг сайжруулан хариуцлагыг өндөржүүлэх, барилгын ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, засвар шинэчлэлтийн ажлыг норматив хугацаанд барилгын өмчлөгч, эзэмшигч байгууллагууд Барилгын тухай хуульд заасан эрх үүргийн дагуу хийж гүйцэтгэх  шаардлагатай байна.

Сэтгэгдэлүүд