Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны 27 дугаар хурал болно. .

Мэдээ, мэдээлэл
June 17, 2025
45

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны 27 дугаар хурлыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус холбоо нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар тус улсын Станбул хотноо анх байгуулагдсан.
Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Энэ хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлаар Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэлүүд