Бэлтгэл дэд хурандаа Х.Буянтогтох: Монгол улсын дархан хилийн аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг 30 жил хашсанаараа бахархдаг.

Ярилцлага
September 16, 2025
35
Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой 9 дүгээр сарын 17-ны өдөр тохиож байна. Манай улс 1930-аад оны эхээр харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар шороогоо хамгаалах, хууль бус дүрвэгчидтэй тэмцэх зорилгоор хил орчимд цэргийн албан хаагчдыг байршуулж эхэлжээ. 1933 оноос дээрх цэргүүдийг Хилийн цэрэг хэмээн нэрлэх болсон байна. Өнөөдөр манай улсын хилийн нийт урт нь 8257 км. Улсын хилийн манаанд өдөр бүр 5 мянган хилчин дайчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ өдрийг угтан  МУ-ын онц хилчин, монгол улсын хүндэт хилчин, хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал сүлдэт багана шагналын эзэн, цэргийн гавьяаны одон, цэргийн гавьяаны улаан тугийн одонт ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Х.Буянтогтохтой ярилцлаа. Ахмад хилчдийн нэг тэрээр цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм.
Энэ баярт өдөр ажлын анхны гараагаа эхэлж байсан үеэ дурсвал?
1990-1992 онд 2 жилийн цэргийн албыг 1 жилийн хугацаанд хааж дуусаад цэргийн албандаа үлдэж ажилласан. Ингээд тэр оныхоо 5 дугаар сард ахлагч нарын бүрэлдэхүүнд орж, удалгүй Цагдаагийн дээд сургуулийн харьяа хилийн факультетад офицерын куртс сурч офицерын бүрэлдэхүүнд орсон.
Төгсөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн 0129-р ангиас ажлын гараагаа эхэлж 1995-1999 онд хилийн заставын орлогч, 1999-2010 онд хилийн заставын дарга, 2010-2013 онд зэвсэглэл, техникийн тасгийн дарга , 2013-2020 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн  захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан. 



Одоо та ямар хөдөлмөр эрхэлж байна вэ?
2022 оноос өнөөдрийг хүртэл Улсын Ерөнхий Прокурорын газрын эрүүгийн хэргийн тусгай архивын харуул хамгаалалт, зохион байгуулагчаар ажиллаж байна.  Түүнээс гадна Дорноговь аймгийн Эрдэнэ суман дах хилийн 0129-р ангид Улаанбаатар хот дахь ахмадын зөвлөлийн дарга хийдэг. Ахмадуудынхаа төлөө тэдний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг санаачлан ажил хэрэг болгоод явж байна.
Залуу хилчдэд хандаж юу хэлэх вэ?
Нэгдүгээрт эв нэгдэлтэй, хоёрдугаарт тэсвэр хатуужилтай, гуравдугаарт аливаа асуудалд тууштай хандаж байгаарай гэж захина даа.  
Өнөөдөр хилчдийн өдөр. Энэ өдөр та  цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа шүү дээ?
9 дүгээр сарын 17-ны өдөр хилчин хүн бүр омогшиж бахархдаг өдөр. Хилчдийн баярын өдөр монгол улсынхаа нийт хилчин генерал, офицер,  ахлагч нарт баярын мэнд хүргэе. Монгол улс үүрд мандан бадрах болтугай. Хилийн тэнгэр цэлмэг байг гэж хэлмээр байна.

Сэтгэгдэлүүд