Үндэсний их баяр наадмыг 2,9 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ.

Мэдээ, мэдээлэл
May 10, 2019
886
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар наадам зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн болон наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцэж 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын  гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж,  тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөлөө.
Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэлүүд