УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцсэн байна

Улс төр
February 07, 2020
1366

 Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн 3 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9 төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 6 төслийг тус тус  хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болохыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм.  

    Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны 9 ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, 4 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэв. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 2, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 2, байнгын хорооны даргын оролцсон 10 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.
 

Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

    Салбарын зохицуулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцсэн талаар Ж.Ганбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон гадаад зээлтэй холбогдсон нийт 6 хэлэлцээрийн төслүүдээр санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлжээ. 

Сэтгэгдэлүүд