Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Хуулийн төсөл батлагдсанаар манай улсын санхүүгийн зах зээл зөв тогтолцоо руу орох, иргэд ААН-үүдэд ирэх дарамтыг бууруулна

Улс төр
November 18, 2022
51
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Хуулийн төслүүдийн талаар өнөөдөр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэд, айл өрхүүдэд банкны 30 хувийн урьдчилгаа төлбөр асар их дарамт ачаалал болж байна. Түүнчлэн ААН, хувийн хэвшлийнхэн тендерийн барьцаа баталгааны дарамтад орж байна. Өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих, хуулийн хугацаанд мөнгө болон барьцаа хөрөнгө байршуулдаг. Өөрөөр хэлбэр ажил гүйцэтгэгч компаниуд ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх мөнгийг банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байна. Хувийн хэвшлийнхэн болон аж ахуйн нэгжүүд сүүлийн 5 жилд 2.3 их наяд төгрөгийг банканд баталгаа болгон байршуулжээ. Асуудлыг шийдвэрлэх үүднээс Даатгалын тухай хууль болон Тендерийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна. Иргэд ААН, хувийн хэвшилд учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлнэ” гэлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалаар, даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болох, ААН, хувийн хэвшлийн зээлийн баталгаа, барьцаа хөрөнгө хангалтгүй гэх нийтлэг бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой болох, санхүүгийн зах зээл, эдийн засаг эрүүлжих, эерэг үр дагаврыг бий болгох олон давуу талууд бий болно гэж тэрээр онцоллоо. 
 
Сэтгэгдэлүүд