Б.Байгаль: Өөрсдийн лац тэмдэгээ тавьдаг болохоор шатахуун түгээгүүрийн хошуу буруу шахахгүй гэдэгт үнэхээр бардам байдаг

Ярилцлага
February 02, 2022
322

Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагч Б.Байгаль энэ байгууллагад 22 жил ажиллаж байгаагаас 17 жил нь нефтийн бүтээгдэхүүн дагнасан улсын шалгагчаар ажиллаж байгаа. Түүний ажилладаг эзэлхүүн зарцуулалалтын лаборатори нь зөвхөн шатахуун гэлтгүй архи спиртийн тоолуур, усны тоолуур, нөөцлөх сав гээд шингэн, хий урсч байгаа зүйл болгоны шалгалт, баталгаажуулалтыг хийдэг, ачаалал ихтэй газар аж.    Дээр нь өглөө гараад л үдшээр буудаг энэ ажлаасаа гадна тэд шинэ бүтээгдэхүүний загварын туршилтийн ажилд оролцдог. “Жишээ нь, нэг байгууллага усны тоолууурын лаборатори бий болгоё гэх юм бол манайхаас мэргэжилтэн ажлын хэсэгт нь орж дүгнэлт гаргаад хуралд нь танилцуулах процесс явагддаг” гэдгийг тэрээр тайлбарласан.  Түүний их ажлын хажуугаар цөөн хором ярилцлаа.

-Иргэдээс бензин дутуу шахлаа гэдэг гомдол яагаад гараад байдаг юм бол?

-Шатахуун түгээгүүрийн хошуунаас дутуу шахна гэж байхгүй. Бид өөрсдийн тэмдэг, лацаа тавиад явдаг болохоор түүндээ үнэхээр бардам байдаг. Тэгээд ч одоо колонкууд олон болсон учраас өрсөлдөөн их, хэрэглэгчээ алдахгүйн тулд дутуу шахахыг бодохгүй. Гол нь цаанаасаа ирж байгаа бензиний чанарт буюу хувийн жингийн асуудал байгаа юм. Үүнийг энгийн тайлбарлая л даа. Өглөө 500 гр цэгээ уугаад гарлаа гэж бодьё. Цаг гаруйн дараа өлсөнө. Харин 500 гр хийцтэй цай уугаад гарвал хагас өдрийн өл бол даачихна. Учир нь энэ хоёрын эзэлхүүн нь адил ч хувийн жин нь өөр байгаатай холбоотой.

- Бензины чанар муудсан гэсэн үг үү?

-Тийм. 2000 оноос өмнө шатахуун руу гараа хийхэд цавцайтал цайдаг байсан бол одоо зүгээр тос гялайх төдий болоод гарч ирнэ. Хувийн жинг нь үзэхэд АИ-92  бензин гэхэд 7850 гр-тай байдаг байсан бол одоо 7420  ч юмуу, бүхэл бүтэн 300 гр-ийн дутуу байгаа. Хүний чанар муудна гэдэг шиг нефтийн чанар муудаж байгаа хэлбэр. Уг нь нефтийн байгууллагуудын чанарын асуудлыг манайхтай уялдаа холбоотой болгох ёстой байгаа юм.

-Тэгэхээр одоо нефтийн чанарын асуудлыг хаана хариуцдаг гэсэн үг вэ?

-Газрын тосны газар тэр жинг нь хариуцдаг. Уг нь уялдаа холбоог нь хангавал бид чанарыг нь давхар шийдэх боломжтой гэж хардаг.

-Таны ажлын сайхан тал, бэрхшээлтэй тал юу вэ?

-Дэндүү сайхан ажил шүү дээ. Ах нь 22 дахь жилдээ энэ байгууллагадаа ажиллаад явж байна. Үе үеийн ахмадууд дунд бойжсон, их зүйл сурсан. Жолоочийг нь ч, хэвлэлэгч ч нь хийлээ. Жин болгоны зохист хэмжээг нь тааруулж явдаг буянтай ажил.

-Ингэж дандаа гадаа ажиллаад байх хэцүү биш үү?

-Сурчихдаг юм байна. Ингээд л явж байвал сайхан санагддаг болчихсон. Залуучууд 5 хоног яваад өнжөөд байдаг. Миний хувьд яваад сурчихсан ч юм уу, бие хаа дасчихсан ч юмуу болоод байдаг. Энэ чиглэлдээ олон жил болсон болохоор нефтийнхэн ч намайг андахгүй. Зарим нь тоглоом шоглоомоор “Та байсаар л байгаа  юм уу” гэдэг юм.  

-Бухимдах зүйл хэр гардаг вэ?

-Хүн ингэж юм хийгээд байхад бидний ажлыг үнэлэхгүй бол жаахан бухимддаг л юм. Зарим нь биднийг “юм иддэг нөхөд” гэж хардаж сэрддэг шиг байгаа юм. Шалгалт баталгаажуулалт хийх явцад бидний гараар дамжих ямар ч гүйлгээний асуудал байдаггүй. Чи ч сая харсан байх. Бүх зүйл цаагуураа данс тооцоогоороо явдаг.
Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газрын вэб сайт

.

Сэтгэгдэлүүд