Г.Амармэнд: Түлэгдэлтийн сорвиноос болж хөдөлмөрийн чадвараа алдах хүртэл эрсдэлтэй

Ярилцлага
January 27, 2023
710
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдэлтийн төвийн түлэнхийн тасгийн Их эмч Г.Амармэндтэй ярилцлаа.
-Танай эмнэлгээр өдөрт хэчнээн хүн тусламж, үйлчилгээ авч байна вэ?
         Манай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд амбулаториор өдөрт 20-25, хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 25-30 хүн тусламж үйлчилгээ авч байна.
-Үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд ямархуу шинж тэмдэг, зовуурьтай ирж байна вэ?
              Түлэгдлийн эмнэлэг учраас түлэгдэлт, хөлдөлт, осголтоос гадна арьс, зөөлөн эдийн шарханд арьс нөхөн сэргээх мэс заслын эмчилгээг хийж байгаа. Түлэгдлийн хувьд бага насны хүүхдүүд ихэвчлэн ирдэг. Тэр тусмаа 0-5 насны хүүхдүүд халуун хоол, цай, ус буцалгагчтай халуун ус, халуун тогоо газар тавьснаас болж хажуугаар нь явахдаа татаж түлэгдлийн талбай том, хүнд түлэгдлүүдтэй ирдэг. Мөн өвлийн улирал болж байгаатай холбоотой галлагаатай зуух, пийшинд хүүхэд ямар нэг байдлаар гараа хүргэх, алгаараа, биеэрээ дарснаас болж гүнзгий түлэгдлийн тохиолдол ихсэж байна. Иймд бага насны хүүхдийн түлэгдэл их байгаа учраас хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, халуун хоол, цай хийж байх үедээ анхаарах, аль болох зайтай байлгах шаардлагатай байна.
Хөл гараа хөлдөөсөн, осгосон иргэд хэр их ирж байна вэ?
         
Өвлийн улирал учраас осголт болон хөлдөлтийн тохиолдол эрс нэмэгдсэн. Хүйтний эрч чангарсны хэрээр хөлдөлт осголт ихсэх хандлагатай байна. Арванхоёрдугаар сард шинэ жилийн баяр болно. Үүнтэй холбоотойгоор иргэд баяр ёслол тэмдэглэж байх явцдаа ямар нэг байдлаар унаж, бэртэж, үүнээсээ болж хөлдөх, осгох тохиолдол гарч байна. Мөн согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн үедээ хөлдөж, осгох тохиолдол нэлээд бүртгэгдэж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс холын замд эвдэрч улмаар хөл гараа хөлдөөх, осгох тохиолдол ихэссэн байгаа. Түүнчлэн, малчид малынхаа эрэлд болон малдаа явж байх үедээ хөлдөх, осгох  нь ч бий.
Эцэг эхчүүд түлэгдлийн үед саван түрхэх, хүйтэн усанд гараа дүрэхийг илүүд үзээд байдаг шүү дээ. Энэ хэр оновчтой анхан шатны тусламж юм бэ?
           
Түлэгдлийн үед авч хэрэгжүүлэх анхан шатны тусламжийн үед барааны саван, гутлын тос, химийн бодис түрхсэний улмаас халдварыг гүнзгийрүүлж, хүүхдийн биеийн байдлыг хүндрүүлдэг. Хоёрт, хүйтэн усанд гар, хөлөө дүрчихдэг. Хүйтэн гэдэг нь булгийн ус ч юм уу. Эсвэл тасалгааны температурын биш хүйтэн усанд хийснээс болж хүүхэд хоёрдогчоор ханиад томуу, хатгалгаа авч хүндрэх тохиолдол их байдаг. Мөн янз бүрийн амьтны цус түрхэж, амьтны үс наасан тохиолдол цөөн тоогоор ирдэг. Сүүлийн үед урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийн ачаар харьцангуй багасаж байна. Гэхдээ л хүүхэд түлэгдсэн сандарсан үедээ давс, элс, гурил шарх нь дээр түрхэх тохиолдол бага зэрэг гардаг.
Түлэгдэлт нь тодорхой хэмжээний сорви үлдээдэг шүү дээ. Энэ нь ямар нэг эрсдэлтэй юу?
            
Түлэгдэлтийн сорви нь гүнээсээ шалтгаалдаг. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн шарх гүн байх тусмаа сорви үүсдэг. Сорви нь тодорхой эрсдэлд хүргэж болно. Тухайлбал, хүүхдийн том үетэй ойрхон сорви гэж бодьё. Хүүхэд өсөж том болоход сорвины татагдал үүснэ. Татагдал үүснэ гэдэг нь хүүхэд гараа бүрэн тэнийлгэж, нугалж чадахгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам сорвины татагдал үүсэж, үендээ өөрчлөлт ордог. Улмаар хүүхэд нас биед хүрээд хөдөлмөрийн чадвараа алдах өндөр хүндрэл, эрсдэлтэй. Нэг талаараа насан туршид нь мартагдхааргүй бие махбодын сорви үүсдэг учраас аль болох түлэгдлээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд бага дээр нь эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй юм.

Эх сурвалж: ГССҮТ вэб сайт

 
Сэтгэгдэлүүд