Кесар хагалгааны дараа ихэс түрүүлэлт эмгэг шигдэлттэй хавсрах магадлал 5 дахь төрөлтөнд 67 хувь хүртэлээ өсдөг

Нийтлэл
January 29, 2020
4102
Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуу 
Кесар мэс заслын сорвинд ихэс шигдэж бэхлэгдэх тухайд....
Сүүлийн жилүүдэд улс орон бүрд кесар мэс заслын давтамж ихэсч байгаа тул энэхүү мэс заслыг дагалдаж гарах хүндрэлүүд мөн төдий чинээ нэмэгдэж байна. Үүний хамгийн ноцтой, их хэмжээний цус алдалтанд хүргэдэг,(1500-2000 мл түүнээс дээш) мөн зайлшгүй умай авах мэс заслаар төгсдөг цаашилбал эхийн амь насанд ч аюул учруулж болох хамгийн аюултай хүндрэлийн нэг бол хуучин мэс заслын сорвинд ихэс шигдэж бэхлэгдэх асуудал юм.
Ихэс жирэмсний 15-16 долоо хоногтойд бүрэн хэлбэржиж төрөх үед 500-600 гр жинтэй, 16-18 см диаметртэй, 2-3 см зузаантай болдог эх ургийн хийн солилцоо хангах, тэжээлийн, хамгаалах дархлааны, зайлшгүй шаардлагатай даавар нийлэгжүүлэх дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төрсний дараа салж гадагшилдаг эрхтэн гэж үздэг.
Манай улсад ч энэ хүндрэл тохиолдох давтамж нэмэгдэж байна. Ихэс шигдэлт нь (placenta accreta) сүүлийн 20-иод жилд 10 дахин өссөн бөгөөд кесар мэс заслын үед их хэмжээний цус алдалтын (33%) үндсэн шалтгааны нэг хэвээр байгаа юм. Харамсалтай нь цус алдалтыг тогтоож эхийн амь насыг аврах хамгийн гол төгс арга хэмжээ бол умай авах мэс засал бөгөөд энэ нь өнөөдөр ч хамгийн гол аргуудын нэг байсаар байна.
Умай авахуулснаар дахин төрөх боломжгүй болж нөхөн үржихүйн чадвар алдагдах учраас умайн кесар мэс заслын сорвинд ихэс эмгэгээр шигдэж бэхлэгдсэн үед нөхөн үржихүйн чадамж үлдээж эрхтэн хадгалах боломж эрэлхийлж байгаа асуудал нь орчин үеийн эх барихын шинжлэх ухааны хамгийн том зорилтуудын нэг болоод байна.
Дэлхийн хөгжингүй гүрнүүд анагаах ухаан өндөр хөгжсөн улс орнуудад ч гэсэн умай агшаах хүчтэй эм бэлдмэл өргөн хэрэглэж, цус цусан бүтээгдэхүүн юүлэх, цус бүлэгнүүлэгч хүчин зүйл хэрэглэх, том том артерийн судсууд боох мэс заслын техник боловсронгуй болгох аргууд хэрэглэж байгаа ч ихэс сорвинд шигдэх эмгэг нь умай авах мэс заслын үндсэн шалтгаан хэвээр байна.
Энэхүү эмгэгийг оношлох хамгийн гол арга бол хэт авиа буюу ЭХО шинжилгээ юм. Мөн судасжилт эмгэг шигдэлтийг тодруулах зорилгоор судасны допплер болон цахилгаан соронзон томографийн шинжилгээ хийж эрсдэлийн байдлыг тооцоолдог юм.
Мөн жирэмсний эхэн үед аль болох бага хугацаанд оношлон үр хөврөл умайн сорвинд бэхлэгдсэн үед эрт аюулгүй үр хөндүүлэх болон мэс засал эмчилгээ хийлгэж жирэмсний хожуу үед болон төрөх үед гарч болох амь насанд аюултай хүндрэлээс сэргийлэх нь хамгийн чухал асуудлын нэг юм. Кесар хагалгааны дараа ихэс түрүүлэлт эмгэг шигдэлттэй хавсрах нь:
1-кесар хагалгааны дараа 3%
2-кесар хагалгааны дараа 11%
3- кесар хагалгааны дараа 40%
4-кесар хагалгааны дараа 61%
5- кесар хагалгааны дараа 67% болж өсдөг байна.
Иймд та бүхэн ялангуяа кесар мэс заслаар төрж байсан эхчүүд жирэмсэн болонгуут буюу биений юм ирэхгүй болох жирэмсний эргэлзээтэй болон магадгүй шинж илрэнгүүт эмчид хандаж ЭХО-д харуулах шаардлагатай!

 
Сэтгэгдэлүүд