ОРЧИН ҮЕИЙН хамтлаг, дуучдын ТУХАЙ ТОВЧ тэмдэглэл

Нийтлэл
May 07, 2020
3761
Монгол улс дахь орчин үеийн дуу, хөгжмийн хамтлагийн үндэс 1940-1950-иад оны түүхэн орон зайд тавигджээ. Зарим ахмад судлаачид энэ үед манай оронд эстрад хөгжмийн түүх эхэлсэн. Энэ үйлсэд Оросын хөгжмийн мэргэжилтэн, багш С.С.Галвпериний халааг авч үлдсэн Н.Дагва-Осорын оруулсан хувь нэмэр их юм [Ж.Энэбиш. 2019:294-р тал] гэж бичжээ. Улмаар Н.Дагва-Осорын дараагийн үеэс эстрад хамтлаг дуучдын уран бүтээлийн орон зай эрчимтэй тэлж Т.Чимэддорж, Баасанхүү, Г.Алтанхуяаг, З.Хангал зэрэг авъяаслаг, өндөр боловсролтой хөгжмийн зохиолчдын зохиол туурьвалын нэг хэсэг нь эстрад урлагт зориулагдаж, энэ төрлийн урлагийн хөгжилд даацтай үр нөлөө үзүүлжээ. Ингэснээр монгол маягийн мэргэжлийн хөгжмийн онол, арга зүйд суурилсан, монгол сонсогчдод зориулсан, шинэ монголын суурьшмал амьдралд тохирсон монгол эстрад хөгжмийн урлаг амилан өндийж, цааш цаашдын залуучууд өлгөн авч дэлгэрүүлэн төрөлжүүлжээ.
   Эсдрад хөгжмийн урлаг нь манай оронд эрчимтэй дэлгэрч, оргилон хөгжихийн хэрээр түүнийг анхаарах мэргэжлийн эрдэмтэн судлаачдын үзэл идэвхижих хандлагатай болжээ. Анхлан XX  зууны дунд үед энэ төрлийн урлагийн эд эс төлжин гарч ирэхдээ л хатуу шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд одоо ч бүрэн цэгцрээгүй орчин цагийн хөгжмийн урлагийн гол маргааныг өдөөгч нэгэн хүчин зүйл хэвээрээ байна. Дотоод, гадаадын судлаач, сонирхогч нар ч монголын орчин үеийн дуу, хөгжмийн урлагийг сонирхсоор байна. Жишээлбэл, 2016-аас 2017 оны хооронд, Австралын Их сургуулийн доктор (Ph.D), Лондоны Их сургуулийн социологич, угтаа хөгжимчин, хөгжим судлаач мэргэжилтэй Ребека Плюкхан (Rebekah Plueckahn) хадагтай “Монгол хамтлаг дуучид өвөрмөц. Тэд нар үндэстнийхээ үзэл, эх оронч сэтгэл, өвөг дээдсээсээ залгамжилсан хүнлэг энэрэнгүйн зарчмаа уран бүтээлдээ гүнзгий тусган хөгжүүлсэн байна. Энэ чанараараа барууны орнуудын энэ төрлийн урлагаас ялгаатай гэж хардаг” хэмээн ярив. Мөн Германы залуу үеийн кино найруулагч Айрис Пакула (Iris Pakula) монголын рок, хип хоп хамтлаг-дуучдын төлөөлөгчидтэй уулзан ярилцаад “Монголын энэ төрлийн хамтлаг дуучдын үзэл бодол, уран бүтээлээс нь тэдний өвөг дээдсийн бөө мөргөлийн гэмээр өнгө аяс, тэмдэг, бэлгэдэл илт мэдэгдэж байна. Энэ нь тэдний үндэсний үзэлтэй холбоотой байх” гэж ихээхэн гайхсан байдалтай ярьсан билээ. Дээрх судлаачдын энэ дүгнэлт нь монголын гол гол хамтлаг дуучдад нүүдэлчдийн хөгжмийн сэрэл мэдрэмжээ хадгалсан хэт хэрэглээний бус сэтгэлгээний шинжтэй, амь бөхтэй уран бүтээл зонхилдог болохыг зааж буй бөгөөд үүгээрээ манай орчин үеийн дуу, хөгжмийн урлаг өөрийн гэсэн бие даасан соёлын төрх (паттерн)-д хүрснийг илтгэнэ. Нэг үгээр хэлбэл, гадныхны нүд, чихээр манай орчин цагийн жинтэйхэн шиг хамтлаг, дуучдын уран бүтээлд монгол “Тэнгэризм” (Тэнгэрчлэх үзэл-үндэсний үзэл) төлөвшиж тогтсон бололтой. 
Үүнтэй холбоотойгоор, сүүлийн үеийн дотоодын зарим судлаачид уран сайхны шүүмжлэлийн хамрах хүрээнд орчин үеийн хөгжмийн асуудлууд нэн тэргүүнд тавигддаг тухай дурджээ. Тодруулбал, доктор (Ph.D), профессор Л.Хэрлэн “Уран сайхны шүүмжлэл урлагийн орчин үеийн асуудлуудыг судалдаг бөгөөд урлагийн онолын хөгжил, түүх бичлэгийн үндсэн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж өгдөг төдийгүй урлагийг цэвэр ариун байлгах, үнэлэх, чиг баримжаа тогтоож өгөх, уран бүтээл болоод уран бүтээлчдийг алив хандлага дайралтаас хамгаалах өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг ухаан гэж үзэж болно” [Л.Хэрлэн. 2018:133-р тал] гэж дүгнэжээ. Энэ нь орчин цагийн Монгол орны хөгжмийн урлагт тулгамдаж буй олон сөрөг асуудлын гол зангилаа гэж тооцож болмоор “ардын урлаг”, “сонгодог урлаг”, “орчин цагийн америк маягийн урлаг” зэргийн уулзах цэгт үүсдэг ээдрээ дагуулсан мөргөлдөөнийг зохицуулах бас нэг үүрэг хариуцлага нь урлаг судлаачдад тохоогддог тухай оновчтой санал болно.
   Орчин үеийн эстрад хөгжмийн урлаг нь өнөөгийн монгол суурин соёл, иргэншлийн нэг идэвхитэй амьд эд эс гэж зүй ёсоор тооцох учиртай тул суурин иргэншлийн “соёлын төрх, түүний зохицуулалтын онол” (Culture pattern and configuration) манай орчин үеийн хөгжмийн урлагт тунч их хамааралтай болохыг дам илтгэж байх шиг санагдана. Улмаар орчин үеийн хөгжмийн урлагийн асуудлуудад суурин соёл, иргэншлийн онол, арга зүйн талаас нь хандах замаар мөн чанарыг нь гогдон олж “язгуур”, “уламжлалт”, “үүсмэл” дуу, хөгжимд “олдмол” хөгжмийн урлаг хэрхэн яаж зохицох тухай философи санаанууд гарч ирэх байх гэж муйхарлан төсөөлнө.
            Эцэст нь тэмдэглэхэд, манай хамтлаг-дуучдын хөгжмийн урсгал чиглэлүүдийг тусгайлан авч үзэхдээ үүссэн түүхэн он дарааллыг нь баримтлахгүй бол эмх замбараагүй бөгөөд эцэстээ танин мэдэхүйн логик-учир зүй, учир шалтгаан нь алдагдах нигууртай болой. Зүй нь манай Монголын орчин цагийн хамтлаг дуучдын уран бүтээлүүд өөр хоорондоо харилцан шүтэлцээтэйгээр шил шилээ даран нэг нэгнээ нөхөх үйл явцаар гарч ирж, нэгэн зүй тогтолтойгоор бүрэлдэн төлөвшиж байх учиртай. Орчин үеийн хамтлаг-дуучдыг тусгайлан судлах ухаан нь маш нүсэр хийгээд нэлээн цаг хугацаа, бүл хүч шаардсан өргөн дэлгэр ажил байх. Ялангуяа шинжлэн судлахын хувьд наандаж орчин үеийн дэлхий нийтэд баримталдаг соёл, урлагийн түүхэн зүй, философи-гоо зүй, уран сайхан, гервеневтик (тайлбарлахуй), антропологи-агент (хувь хүний оролцоо), семиотика (тэмдэг зүй), модернизм, постмодернизм, прагматизм, интуитивизм, минимализм, хөгжмийн анализ-синтез, авиан зүй-акустикийн ухаан, дуу-хоолой судлал, бүр психоанализ (сэтгэл зүй, сэтгэцийн өөрчлөлт-үр нөлөө) г.м  үй олон зорилтот онол, арга зүй, арга-аргачлал шаардах учиртай болж байгааг залуу судлаач, уртын дуучны хувьд чадах чинээгээрээ ажиглан харж сууна.
М.Дорждагва.

 
Сэтгэгдэлүүд