World Chess Hall of Fame буюу "Дэлхийн шатрын алдрын танхим"-д монгол шатрыг залжээ.

Чөлөөт сэдэв
March 14, 2024
8403

Монгол үндэсний хэв маяг, хэлбэр хийцтэй "Khaan Chess" брэндийг хөгжүүлж яваа хамт олон “Нөхөрлөл” сэдэвт их гарын шатраа АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луис хотноо байрлах World Chess Hall of Fame дэлхийн томоохон шатрын музейн сан хөмрөгт бэлэглэжээ. 



Шатар бэлэглэх ёслолыг "Америкийн цом" шатрын супер мастеруудын тэмцээний нээлтийн үеэр гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, Чикаго дахь Монгол Улсын консул Т.Батцэцэг, "Хаан шатар" компанийн захирал Ч.Бат-Оюун, загвар зохион бүтээгч Д.Насанбат нар оролцож, "Америкийн цом" тэмцээний нээлтийн хонхыг цохижээ.Тус тэмцээнд дэлхийн шатрын 10 гаруй их мастер оролцож байна.
World Chess Hall of Fame буюу "Дэлхийн шатрын алдрын танхим" нь шатрын сэдэвт дэлхийн томоохон музейн нэг бөгөөд олон оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн ур хийцтэй шатрын арвин үзмэртэйн зэрэгцээ дэлхийн болон АНУ-ын шилдэг шатарчдын алдрыг мөнхөлсөн танхимтай юм.
"Хаан шатар" ХХК нь 2015 онд байгуулагдсан, Монголын түүхтэй холбоотой сэдвээр бэлэг дурсгалын шатар үйлдвэрлэдэг компани бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний дээж "Чингис хааны музей", Швейцарын "Хөлөгт тоглоомын музей"-н үзмэрийн санд багтсан байдаг ажээ.

Сэтгэгдэлүүд