Өсөлтгүй жирэмслэлт

Нийтлэл
February 20, 2020
11442
Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуу: 

     Ямар нэгэн шалтгааны улмаас жирэмсний хэвийн явц зогсож ураг амьгүй болохыг өсөлтгүй жирэмслэлт гэнэ. Өсөлтгүй жирэмслэлт жирэмсний аль ч хугацаанд тохиолдож болох боловч эхний гурван сард хамгийн элбэг. Жирэмсний эхний гурван сарыг дотор нь 3 хувааж үздэг.
Үүнд:
1. Ураг бэхлэгдэх үе( үр тогтосноос 7-12 хоног)
2. Үр хөврөл хэлбэржих үе (3-8 долоо хоног)
3. Ихэс хэлбэржих үе ( үр тогтосноос жирэмсний 12 долоо хоног хүртэл)
Жирэмсний эхэн үед үр хөврөл болон ургийг хамгаалах систем бүрэн хэлбэржиж бий болоогүй байдаг учраас гадны болон хортой эмгэг нөлөөнд үр хөврөл өртөх нь түгээмэл байдаг. Жирэмсний аль ч хугацаанд ураг амьд, ургийн зүрний цохилт хэвийн байгаад жирэмсний бодит хугацаатай ургийн өсөлт жин тохирохгүй байгаа бол өсөлтгүй жирэмслэлт биш юм. Энэ тохиолдолд ургийн өсөлт баригдах хам шинж, ихсийн дутмагшил, тэжээлийн доройтлын тухай ойлголт болно.
Өсөлтгүй жирэмслэлтэнд хүргэдэг маш олон шалтгаан байна. Хамгийн түгээмэл шалтгаанууд нь:
1. Ургийн өөрийн хромосомын гажиг удамшлын эмгэг, ургийн гаж хөгжил
2. Халдварт эмгэг болон ургийн халдварууд ( Улаанууд, Цитомегаловирус, Стрептококк, Клебсиел, Микоплазм, Хламид, Токсоплазм г.м.)
3. Дааврын хямрал (прогестерон дааврын дутмагшил, жирэмсэний хэвийн явц эхэн үед хангах шар биеийн эмгэг ба дутмагшил, бамбай булчирхайн эмгэг гипер болон гипофункци, андроген дааврын ихсэлт)
4. Резус- конфликт ( эцэг эхийн цусны үл тохироо, эх резус хасах, эцэг резус нэмэх цустай байх)
5. Урагт нөлөөлөх хорт зүйлс ( радиаци, хорт зуршил архи, тамхи, ажлын хортой нөхцөл)
6. Удамшлын шалтгаантай цус бүлэгнэлтийн системийн хямрал (тромбоз, тромбын хүндрэл, бүлэгнэлтийн өөрчлөлт)
7. Цус бүлэгнэлтийн хямрал дархлааны эмгэг ( Антифосфолипид хам шинж)
8. Сүүлийн үед агаарын бохирдол, амьдрах орчны өөрчлөлт, нийгмийн хямрал хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлт стресс ч нөлөөлж байна гэж үзэж байна.
Өсөлтгүй жирэмслэлт дэлхий даяар төдийгүй манай улсад ч маш их элбэгшиж жирэмсний эхэн үеийн хамгийн түгээмэл тохиолддог эмгэг болоод байна. Иймд энэ эмгэгийн үндсэн шалтгаан голлон нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулахын тулд өргөн хүрээний тодорхой хугацаа хамарсан үндэсний хэмжээний судалгаа зайлшгүй шаардлагатай байна.
Эмнэл зүйд илрэх гол шинж нь өсөлт зогсож ураг амьгүй болсон үед үтрээнээс бага зэрэг цуслаг зүйл гарах, ууц нуруу хөших, хэвлийн доогуур таталдаж өвдөх зовиур илэрч болно. Мөн жирэмсэнг илтгэж байсан эргэлзээтэй болон магадгүй шинжүүд арилна. Мөн ямар нэгэн шинж тэмдэггүй хяналтын давтан үзлэг болон жирэмсний эхэн үед эхо шинжилгээ хийлгэх үед оношлогдох нь элбэг.
Шинжлэх явцад гол нь жирэмсний хугацаа бодит хугацаатай тохирохгүйгээс гадна хамгийн гол нь эмбрион тодорхойлогдохгүй, ургийн зүрхний цохилтгүй, ураг эндсэн шинж илэрдэг. Дааврын шинжилгээнд жирэмсэнг илтгэх ХГ(цэлмэнгийн гонадотропин) даавар үечлэлтэй үзэхэд буурах, мөн жирэмсний хугацаатай тохирохгүй байна. Шээсэнд жирэмсэнг илтгэх ХГ даавар сорил эерэг гарсанч ураг өсөлтгүй болсон байж болно. Хамгийн бодит онош эхо шинжилгээгээр тавигдана.
Өсөлтгүй жирэмслэлт оношлогдсон тохиолдолд эмнэлэгт хандаж умайн хөндий цэвэрлэх ажилбар хийлгэх шаардлагатай. Хэрэв удаан хугацаагаар амьгүй ураг тээх явцад цусны бүлэгнэлтийн систем хямрах, халдвар хавсарвал үрэвсэлт эмгэг болж умайн үрэвсэл амьгзй ураг халдварлагдаж үжил болох хүндрэлч үүсч болдог байна.
Та эмнэлэгт хандаж мэс ажилбар хийлгэхдээ:
1. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ ба цусны бүлэгнэлтийн шинжилгээ
2. Үтрээний арчдас мазокны шинжилгээ
3. Цусны бүлэг, Резус хүчин зүйл
4. В,С вирус болон серологи, ДОХ-н сорил хийлгэж ирсэн байх ёстой. Ажилбарын үед гарч болох зонхилон тохиолдох хүндрэл нь цус алдалт юм. Учир нь өсөлт зогсоод удсан амьгүй ураг тээгээд тодорхой хугацаа болоход ураг үр хөврөлийн эд нь эдийн тромбопластин маягаар шимэгдэн цусны бүлэгнэлтийн системд өөрчлөлт оруулж цус бүлэгнэлтийн хямрал үүсгэдэг. Иймд цус бүлэгнэлтийн хямралаас шалтгаалсан цус алдалтанд хүргэх аюултай. Мөн цэвэрлэх ажилбарын үед умай цоорох, халдвар хамгаалалын дэглэм алдагдах болон үтрээний цэвэршил муу үед өгсөх замын халдвараас шалтгаалсан умайн үрэвсэл, өсөлтгүй болсон үр хөврөл халдварлагдсан үед үрэвсэлт эмгэг болон тогтолцооны үрэвсэл улмаар үжил болох хүндрэлд ч хүрч болох аюултай.
Ажилбар хийлгэсний дараа эмчийн заавар зөвлөгөөг дагаж шалтгаан тодруулж хийгдэх шинжилгээнүүд болон дахин жирэмсэлж болох хугацаа, баримтлах дэглэм, үргэлжлэх эмчилгээний заавар авах шаардлагатай.
Сэтгэгдэлүүд