Э.Ганзориг: Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм дүрмийг шинэчлэн баталсан.

Ярилцлага
November 07, 2022
493

Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийг шинэчлэн баталсан. Шинэчилсэн норм, дүрмийн хэрэглээний талаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор PH.D, Дэд профессор Э.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол орны газар нутгийн 75 хувь, барилгажилтын 90 гаруй хувь  газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Тиймээс газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх нь барилгын бат бэх чанарын асуудалтай шууд холбоотой учраас  газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөхдөө норм дүрмийн шаардлагыг сайтар тусгах ёстой гэсэн үг.  Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, тавигдах шаардлагуудыг тогтоосон норматив баримт бичгүүдийг боловсруулж гаргах, боловсруулж гаргасан норматив баримт бичгүүдийг шинэчлэх ажлуудыг барилгын асуудал хариуцсан төрийн байгууллагаас тасралтгүй хийж байдаг. Энэ ажлын хүрээнд 2021 онд газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм дүрмийг шинэчилж, 2017 онд боловсруулсныг 2021 оны 11 сард баталсан.

-Энэ норм дүрмийг өөрчлөх шалтгаан, шаардлага юу байв. 

-Өмнөх норм дүрэм нэлээд хуучирсан. ОХУ-ын 2000 онд гарсан норм дүрэмд үндэслэн манай норм боловсруулагдсан. Үүнээс хойш манайх норм, дүрэмд  өөрчлөлт  хийгээгүй. Харин ОХУ норм дүрмээ маш олон удаа шинэчилсэн. Сүүлийн жилүүдэд бүр  жил бүр  өөрчлөлт, шинэчлэлт хийж ирсэн. Тэр дундаа газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм ихээхэн өөрчлөгдөж, Европын холбооны жишиг рүү нэлээд ойртсон.
Нөгөө нэг хүчин зүйл нь,  2017 оноос Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт бусад хот суурин, аймгийн төвүүдэд  газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлалын ажлыг  шинээр хийж батлуулж байгаа. Газар хөдлөлтийн хөнөөлийн давтагдал, эрчим хүчийг олон улсын жишгийн дагуу өөрчлөх зорилготой гэсэн үг. Ер нь бол манай хуучин мужлал газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлал 1970-1980 хэдэн онд өөрчлөгдсөн хойш дахин өөрчлөлт ороогүй,  нэлээд хуучирсан байсан. Бидний норм дүрмийг суурь болгож авч хэрэглэдэг  ОХУ-ын норм дүрэм  1997 оноос хойш газар хөдлөлтийн бичил мужлалаа шинэчилж, өөрчилж ирсэн байдаг.

-Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БХбД 22-01-21/ барилгын нормд ямар ямар онцлох өөрчлөлтүүд оров ?

-Шинэчилсэн нормд газар хөдлөлтийн бүсэд шинээр төлөвлөж байгаа барилга, мөн засвар, өөрчлөлт хийх барилгуудад үйлчилнэ.  Шинээр хуучин байсан нэлээд заалтууд, нэр томьёог өөрчилж, зарим тулгуул ойлголтуудыг өөрчилж, цоо шинэ олон бүлгүүд нэмэгдсэн. Жишээлбэл, ган бүтээц, цутгамал төмөр ханатай барилга, том  блокон барилга, галын хэсэг гэх мэтээр шинэ бүлгүүд нэмэгдсэн байна. Мөн барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг сааруулах зорилгоор тавьдаг тусгаарлагч, сааруулагчийг тавьсан барилга байгууламжуудад үндсэн шаардлагуудыг багтааж өгсөн. Мөн газар хөдлөлтийн дараа эвдэрч хэмхэрсэн барилгуудыг сэргээн засах,  газар хөдлөлтийн бат бэхийг үнэлээд,  шаардлага хангахгүй барилгуудыг  хүчдэлийг бэхжүүлэх талд тавих ерөнхий шаардлагуудыг ч багтаасан. 
Олон улсын жишигт нийцсэн нэг томоохон өөрчлөлт бол Өндөр ба онцгой барилгуудад газар хөдлөлтийн төсөвлөлт буюу газар хөдлөлтийн үйлчлэлийг 2 түвшинд заавал авч өгөхийг шаардсан. 
Мөн өндөр ба онцгой барилгад газар хөдлөлтөд хөрсний ангиллын үзүүлэлтийг нэмж тодотгож өгсөн Хуучин бол хөрсний  геологийн бүрэлдэхүүнээр ангилалд байсан бол одоо газар хөдлөлтийн хэлбэлзэл уг хөрсний орчин дундуур тархахдаа холбогдсон хурд, хөрсний нягтыг харуулдаг стандарт, туршилтуудыг тооцож үзэх ийм шаардлагыг нэмж тавьсан байгаа. 

-Өндөр барилгад газар хөдлөлтийн норм ба дүрмийг хэрхэн тусгасан бол?

Сүүлийн үед манай улсад өндөр барилгууд их баригдаж байна. Мөн үйлдвэрийн шинж чанартай зарим барилгуудад газар хөдлөлтийн үйлчлэлийг багасгах, бууруулах шаардлага үүссэнтэй холбогдуулаад барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг бууруулах, эсвэл газар хөдлөлтийн үйлчлэлийг барилгын бүтээц өөрөө сааруулах ийм төхөөрөмж, бүтээцийг хэрэглэхтэй холбогдсон  ерөнхий шаардлагуудыг тусгаж өгсөн байгаа. Энэ нь хуучин нормд байгаагүй. Мөн тооцооллыг хуучин нормд байсан илүү дутагдалтай зүйлүүдийг илүү тодруулж, сайжруулсан байна. Үүний нэг жишээ бол тооцооны загварыг хэд хэдэн янзаар, энгийн барилгад ямар байх уу, төвөгшилтэй барилгад ямар байх уу гэх  мэт  шинэ заалтууд орсон байна.  Ингэхдээ энгийн төлөвлөлттэй барилга нь ямар барилга вэ гэдгийг нарийвчилж зааж өгсөн. Мөн шугаман нарийн, өндөр түвшний тооцооны аргыг олон улсын түвшинд зааж өгсөн. Шугаман бус хугацаагаар шинэчлэх арга, мөн шугаман бус  статик аргуудыг хэрэглэхэд тооцооны загварыг хэрхэн авах,  тооцооны ямар үзүүлэлтийг шалгах, ийм заалтуудыг нэмж өгсөн. Мөн зураг төсөвчдөд эрх чөлөө олгох маягаар   барилгын байгуулалт буюу өндрийн дагуу хөшөөнийг өөрчилж, уян хатан өөрчилж, ихэсгэж, багасгаж болох ийм  заалтууд орсон. Ер нь Монгол Улсын барилгын зураг төсөлд баримтлах норматив баримт бичгийн тогтолцоо гэдэг удирдлагын баримт бичиг батлагдсантай холбоотойгоор зураг төсөвч маань тухайлсан нэг объектод норм дүрмийг илүү чөлөөтэй, норм дүрмийг өөрчилж хийх, тусгайлсан техникийн нөхцөл боловсруулж батлуулж зураг төслөө хийх ийм бололцоо хэвээрээ байгаа. Энэ нормын өөрчлөлтөөр шинээр хүндрэл бэрхшээлийг бий болгосон зүйл байхгүй. Хуучин шаардлагуудыг тодотгосон, сайжруулсан, эмхэлж цэгцэлсэн гэж ойлгож болно.  Шинээр боловсруулсан нормын заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэхэд туслах  нормыг тайлбарласан барилгын дүрмийг шинээр боловсруулсан, одоо батлах шатандаа орж байна. Энэ барилгын дүрэмд газар хөдлөлтийн нормын шаардлагуудыг биелүүлж хэрэглэхэд туслах заавар, зөвлөмжүүдийг өгсөн ийм ач холбогдолтой баримт бичиг юм.    

Сэтгэгдэлүүд