“Эрдэнэт үйлдвэр”, "Чингис хаан" нисэх буудлын Гаалийн газрын удирдах албан тушаалтантай холбоотой авилгын хэргийг шүүхэд шилжүүллээ

Мэдээ, мэдээлэл
July 22, 2024
9319

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 900 хэрэг шалгагдаж байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Л” нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан гэх, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Сэтгэгдэлүүд