Д.БЭХБАТ: Манайх жилд 130 орчим мянган алт, мөнгөн эдлэлд сорьц тогтоох шинжилгээ хийж, баталгаажуулдаг

Ярилцлага
October 21, 2022
674

СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттай ярилцлаа.
-Анх танайх руу орж ирээд байгууллага дотроо банк байхыг хараад гайхаж байлаа. Энэ нь Банктай харилцах хэрэгцээ өндөр байдагтай холбоотой байх?
- Манай дээр 2018 онд анх “Голомт” банк салбараа байгуулсан юм. Өмнө нь манайхаас үйлчилгээ авсан хүмүүс төлбөрөө төлөхийн тулд хамгийн ойрхондоо 2-3 буудал явж мөнгөө тушаачихаад, эргээд үйлчилгээгээ авах гэдэг хүндрэлтэй байсан. Тиймээс “Голомт” банкнаас хүсэлт тавьсны дагуу, бидэнд ч энэ хэрэгцээ шаардлагатай байсан учраас салбараа нээсэн. Бидний хувьд төлбөр цаг алдалгүй “Голомт” банкаар дамжаад, төрийн санд орж байна гэдэг бол нэг гол ололт байсан. Хоёрдугаарт орлогоо бүрэн хянах боломжтой болж байгаа юм. Хуучин бол нэг хүн нэхэмжлэх бичүүлчихээд, явчихна. Тэрнийхээ араас мөнгөө шилжүүлээрэй гээд ярьдаг бэрхшээл байхгүй болсон. Хажуудаа банктай болсноор бас нэг давуу тал нь үйлчлүүлэгчид төлбөрийн гүйлгээгээ хийхээс гадна алтаа арилжчихна. Мөн өмнө нь манайхаас сорьцоо тодорхойлуулсан иргэн, ААН алтаа бариад Монголбанк руу явдаг байсан. Манайд өглөө эрт ирсэн үйлчлүүлэгчийн алтны шинжилгээний хариу нь 14 цаг гэж гарна. Ачаалалтай үед бол магадгүй дараа өдөр нь гарна. Шинжилгээнийхээ хариуг авчихаад, Монголбанк руу явах гэж ядаж байтал Монголбанк өдрийн гүйлгээгээ 16 цагаар дуусгавар болгодог. Тэгэхээр хэрэглэгчдэд хоёрхон цаг байдаг гэсэн үг. Манай ийм түгжрэлтэй нөхцөлд амжиж очно гэж хэцүү. Монголбанк манай хажууд байрлаад алт авна гэдэг бол зохимжгүй. Эрсдэл талаасаа ч арилжааны банкаар дамжуулаад авах нь зөв. Энэ талаар мэдээж Монголбанктайгаа зөвлөж ярилцсан. Ингэснээр хүмүүсийн явдал чирэгдэл, цаг завыг ч хэмнэж байгаа юм. Үүнийгээ алтны нийлүүлэлтийн нэг цэгийн үйлчилгээ гэж нэрлэе гээд 2018 онд Дархан-Уул, Баянхонгор аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэд Үнэт металын сорьц тогтоох лабораторийг байгуулж дэргэд нь арилжааны банкны салбар нээсэн. Тэгэхдээ өрсөлдөөн, шударга байдлыг хангахын тулд Дарханд “Капитрон”, Баянхонгорт “Хаан” байхаар шийдвэрлэсэн. Цаашид алтны олборлолтын томоохон бүс нутагт шинээр лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа, энд бусад арилжааны банкууд ч хамтраад явах боломжтой.
-Хэдийгээр бүх төрлийн үнэт металийн сорьц тогтоодог ч алт илүү түлхүү яригддаг нь манай эдийн засагт чухал байр суурь эзэлдэгтэй холбоотой болов уу?
- Алт бол стратегийн гол түүхий эд. Манай улсын ДНБ-ий 2.6 хувь, уул уурхайн салбарын 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг  эзэлдэг гэж үздэг. Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах баталгаа болдог тул алтны арилжаа бол их чухал. Манайхаас сорьцыг нь тогтоосон алтыг Монголбанк Лондонгийн биржийн ханшаас хоёр долларын доогуур авдаг. Тэр нь ерөнхийдөө цэвэршүүлэх зардлыг нь хасаад авч байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын алтны үнэ дэлхийн зах зээлээс шууд хамааралтай. Арилжааны банкууд алтны нийлүүлэлтэнд оролцдог чухал оролцогчид. Монгол банк худалдаж авсан алтаа Швейцарын гэрээт компанид аваачиж цэвэршүүлээд, цааш нь Лондон болон бусад алтны биржүүдээр зарж худалдаалдаг гэдэг.
Монгол Улс алтны олборлолтоо нэмэгдүүлэхэд анхаардаг. Үүнтэй холбоотойгоор ерээд онд “Алт 1”, сүүлд 2017 онд “Алт 2” гэж хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд алтны олборлолтыг 2024 он гэхэд 25 тоннд хүрнэ гэж үзсэн. Жилийн үзүүлэлт бол янз бүр байгаа. Өнгөрсөн жилийнх бол 20.2 тонн байсан бол 2018 онд хамгийн их буюу 22 тонн-д хүрч байсан. Олборлолт нэмэгдэхийн хэрээр манай лабораторид ачаалал нэмэгдэнэ. Монголчуудын хувьд бүтээн байгуулалт хийх богино улиралтай. Үндсэндээ тавдугаар сараас цаад тал нь арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бүх уул уурхайн компаниуд олборлолтоо хийдэг. Тэгээд 6,7-р сараас тушаалтаа хийж эхэлдэг учраас зундаа ачаалал нэлээд нэмэгддэг. Бид химичдийнхээ тоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйл ажиллагаагаа аль болох цахим болгох бодлого барьж ажиллаж байгаа. Ялангуяа шинжилгээний зуух бол химичдын тоогоор байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол нэг зуухан дээр дөрвөн химичид дараалж ажиллах нь цаг хугацааны хувьд, тухайн багажийн ашиглалтанд сөрөг нөлөөтэй. Нэг шинжилгээнд 30-40 минут зарцуулдаг гээд бодоход манай химичдын өдрийн ачааллыг тооцвол маш өндөр тоо гарна. Ижил төстэй бусад лабораториудтай харьцуулахад хоёр, гурав дахин их ачаалалтай ажиллаж байгаа. Мэдээж ачаалал нэмэгдэхийн хэрээр тухайн хүний хариуцлага нэмэгдэнэ. Манай шинжилгээний үр дүн эцсийн дүндээ Швейцарт байдаг “Argor Heraeus” компанийн цэвэршүүлэх үйлдвэр дээр баталгааждаг. Манай шинжилгээ,“ Argor Heraeus”-ийн шинжилгээ хоёр таарах ёстой. Хэрвээ таарахгүй, жишээ нь сорьц бага гарах юм бол Монгол банк маань өөрөө алдагдал хүлээнэ гэсэн үг. Тиймээс бидний шинжилгээний үр дүн Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нь хамгийн чухал. Бидний хэрэглэж байгаа стандарт бол олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ISO11426  гэдэг стандарт байгаа. Бидний шинжилгээ олон улсад хянагддаг учраас ажилтан албан хаагчдын ур чадварын төвшин адилхан байх ёстой. Олон улсын сорьцын байгууллагуудын холбоо (International Association of Assay Offices) гэж бий. Манайх энэ холбооны ажиглагч гишүүн. Энэ байгууллагаас албан хаагчдын ур чадварыг жил бүр шалгадаг. Шалгахдаа тодорхойгүй дээж ирүүлж, түүнийг шинжлээд тухайн байгууллагад илгээдэг. Энэ нь ур чадварыг үнэлж буй олон хэлбэрүүдийн нэг нь юм.
-Цар тахлын цаг үеийн байдал бүхий л байгууллагуудад нөлөөлж байна. Танайх ямар байдлаар ажиллав?
-Монгол Улсад Үнэт металлын олборлолт, арилжааны асуудлыг Ашигт малтмалын тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуулиудад манай байгууллагаар дамжуулж хийгдэхээр зохицуулагдсан байдаг. Үнэт металлын хайлшинд сорьц гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Сорьц тогтооно гэдэг үндсэндээ бусад бараа бүтээгдэхүүнд чанар тогтоохтой адил юм. Сорьц тогтоох шинжилгээг цахимаар, зайнаас хийдэггүй, заавал тусгай лабораторид хийдэг гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа маань нэг ч удаа тасалдаагүй. Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа нь тасалдаагүй 13 байгууллага байгаагийн нэг нь манайх. Тиймээс өнгөрсөн хугацаанд манайх харилцагч үйлчлэгч нартаа үйлчилгээгээ таслаагүй, цаг алдалгүй үйлчилгээгээ үзүүлсээр ирсэн. Зохион байгуулалтын хувьд хүмүүсийнхээ халдвар хамгааллыг сахиулахын тулд цар тахал өндөр үед хоёр ээлжээр ажиллуулж байсан. Энэ хугацаанд манай албан хаагчид халдвар авсан, өвдсөн тохиолдол цөөнгүй гарсан ч үйл ажиллагаагаа тасалдуулаагүй.
-Танайх үнэт металийн сорьц тогтоохоос гадна баталгаажуулалт, гэрчилгээ олгох гээд энэ жижигхэн байшинд их олон юм болдог шиг байгаа юм?
-Сорьц тогтоох гэдэг нь үнэт металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл, 1000 нэгжид хэд нь үнэт металл байгаа юм гэдгийг тодорхойлж буй үйл явц. 999-тэй алт гэвэл 999 нь алт, 960-тай бол 960 нь алт байна гэсэн үг. Сорьц тогтоох нь зөвхөн алтан гулдмай дээр бус гоёл чимэглэлийн үнэт эдлэл болох алт, мөнгөн бөгж, аяга зэрэг дотоодын болоод импортын бүтээгдэхүүнд ч хамаардаг, мөн эрдэний чулуу тодорхойлж, гэрчилгээ олгодог. Тодруулж хэлбэл сорьцыг нь тогтоож, баталгааны тэмдэг тавьж, түүндээ хяналт тавьдаг. Манайх үйлчлэгчтэйгээ нийлээд л 16-уулаа. Гадуур худалдаж байгаа үнэт эдлэлийн маргаантай асуудлууд байдаг. Түүнд хяналт тавьдаг гээд үйл ажиллагааны чиглэл, чиг үүргүүдтэйгээ харьцуулахад хүн хүч дутмаг.
-Үнэт эдлэлийн баталгаажуулалт хийнэ гэхээр зах зээл дээр замбараагүй их бүтээгдэхүүн байгаа. Тэр болгоныг нэг бүрчлэн шалгана гэж байхгүй учраас түүвэр байдлаар үздэг гэж байсан. Тэр талаараа тодруулбал?
-Манайх жилд  80 орчим мянган мөнгөн эдлэл,  50 орчим мянган алтан эдлэл  сорьц тогтоох шинжилгээ хийж, баталгаажуулдаг. Нэг үйлдвэрлэгчийн олон тоо хэмжээтэй ижил загварын бүтээгдэхүүний хувьд түүвэрлэх байдлаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг. Бүгдэд нь хийх боломжгүй учир сонгож авдаг. Цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч гэсэн олон шалтгаан бий. Цаашид багажит шинжилгээний аргуудыг нэвтрүүлэх шаардлагатай.
-Ер нь зах зээл дээрх үнэт эдлэлийн хэдэн хувь нь импортынх байдаг юм бол?
-Нарийн тоог хэлэх хэцүү. Алт мөнгөн эдлэл овор хэмжээ багатай учраас хил гааль дээр тэр болгон бүртгэгдэхгүй орж ирэх нь байдаг. Манай дотоодын үйлдвэр бол жилд 120-130 мянган ширхэг эдлэл үйлдвэрлэдэг гэж үздэг. Үүнтэй дүйцэхүйц импортын бүтээгдэхүүн бас орж ирдэг гэж үздэг. Үүн дээр хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, зах зээлээ найдвартай байлгах үүднээс Санхүүгийн зохиоцуулах хороотой хамтран сүүлийн үед алт мөнгөн эдлэл худалдан борлуулдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудыг тусгай зөвшөөрөлтэй болох ажил хийгдэж байгаа. Турк, Солонгос үнэт эдлэл хөдөөгүүр их зарагддаг. Тэр нь ямар ч гаалиар шалгагдаагүй, манай байгууллагаар хянагдаагүй байдаг. Монгол улсын дотоодын зах зээл дээр зарагдах бүхий л үнэт эдлэл сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэх, тухайн сорьцдоо хүрч байгаа эсэхийг заавал хянах ёстой. Түрүүн хэлсэнчлэн Солонгос,Туркээс орж ирж байгаа бараа сорьцдоо хүрэхгүй байх магадлал түгээмэл байдаг юм билээ. Ер нь алт, мөнгөн эдлэл, хэрэгслэлийг худалдаж авна гэдэг бол тухайн хэрэглэгчийн өөрийн хүсэл эрмэлзлэлийн асуудал шүү дээ. Тиймээс худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний сорьцын баталгаатай эсэхийг заавал шалгах, шаардах эрхтэй.
-Хэрэглэгч идэх гэж байгаа хоол, хүнсний бүтээгдэхүүний дуусах хугацааг хардаг шиг үнэт эдлэлийнхээ баталгааг шалгах соёл манайд дутмаг байх шиг байна?
-Манайх үүнтэй холбоотой нэг шторк саяхан бэлдэж байгууллагын сүлжээгээрээ олон нийтэд цацсан. Хамгийн гол нь хэрэглэгч өөрөө тухайн бараа бүтээгдэхүүнийн чанар байдлыг өөрөө шалгаж авах, тухайн газраас үнэн зөв мэдээлэл шаардах эрхтэй шүү дээ. Тэр эрхийнхээ дагуу л шаардах ёстой гэдгийг хэрэглэгч өөрөө сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ санаатай санамсаргүй энд тэндээс юм худалдан авчихаад дараа нь гомдол санал гаргадаг зүйл цөөнгүй гардаг. Тухайн үед нь бид аль болох хэрэглэгчийг хохироохгүй байх талаас нь шийдээд явдаг. Нөгөө талаасаа бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа талынхаа нэр хүндэд халдах зүйл ч байна. Эндээс нэг ийм зүйл авсан чинь ийм байсан гэдэг. Гэтэл үнэндээ худалдан авагч өөрөө “Хамгийн хямд мөнгөн аягыг нь өгөөч” гэж авчихаад, эргээд чанаргүй юм зарсан гээд яриад байдаг.
-Танайхан шалгалт хийгээд явж байхад сорьцын бичиггүй байх зөрчил хэр гардаг вэ?
-Улаанбаатарын хэмжээнд 100 орчим үнэт эдлэл зардаг цэг байдаг гэж үздэг. Манайхаар үйлчлүүлдэг газрынхаа бүтээгдэхүүнийг бол бид барагцаалдаг. Бүтээгдэхүүнийг нь хараад л энэ бол энэ газрынх гэж таних хэмжээнд болдог. Сорьцын баталгаа гэдэгт хоёр зүйлийг багтаана. Нэгт манайхаас дарсан сорьцын баталгааны тэмдэг. Хоёрт тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг гэж хоёр зүйл дарагдсан байх ёстой. Манайх бол мэдээж үйлдвэрлэгч нь тодорхой, гарал үүсэл нь тодорхой тийм бүтээгдэхүүн дээр сорьцын баталгаа дарна. Ямар нэг юм боллоо гэхэд үйлдвэрлэгчээр нь хөөгөөд олох бололцоотой гэсэн үг.
Алт мөнгөн эдлэлийг үнэт эдлэл гээд байгаагийн учир нь хэзээд үнэ цэнээ алддаггүй. Манайхан ихэнх тохиолдолд хямдыг нь авах гээд байдаг хандлага байдаг. Үнэт эдлэл боруулагчид “Хямд аяга сонирхдог хүн байдаг учраас бид хямдыг нь сонголттой байлгадаг” гэдэг. Үүнийг нийтээрээ анхаарууштай. Үнэт эдлэл дээр хямдыг нь гээд чанаргүйг нь сонгох талтай.
Ярилцсанд баярлалаа. 
                                                                         Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар вэб сайт

 

Сэтгэгдэлүүд