"Хар зайрмаг"-аас нянгийн бохирдол илэрчээ.

Мэдээ, мэдээлэл
May 30, 2019
1586

“Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй  будагч  бодисыг  ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд орууллаа. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах юм.
Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа дүнтэй байна. Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагыг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортлогдсон. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.  

Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.  

Сэтгэгдэлүүд