Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1908 оноос тэмдэглэж эхэлжээ.

Чөлөөт сэдэв
March 08, 2020
2242

      Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью Йорк хотод 15.000 орчим эмэгтэйчүүд бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагсаал хийсэн байна. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн байна.

 Харин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ. Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна.

      
Гэхдээ тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй аж. Харин 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэйчүүд Талх ба эрх чөлөө хэмээх ажил хаялтыг зарласан байна. Харин энэ үйл явдлаас дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд бууж өгч сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгсөн юм. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Мартын 8"-ныг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ.   

       Хожим нь 1975 онд буюу 64 жилийн дараа НҮБ энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн аж. НҮБ-ын зүгээс жил бүрийн гуравдугаар сарын 8-нл дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах уриаг танилцуулдаг уламжлалтай юм. Өнгөрсөн жилийн хувьд Өөрчлөлт хийхийн тулд эрх тэгш, ухаалаг, бүтээлч бодоорой гэсэн уриалгыг ашиглаж байсан аж. Харин энэ жилийн хувьд “#balanceforbetter” буюу илүү сайжруулахын тулд тэнцвэртэй байдал хэрэгтэй” гэсэн уриалгыг дэвшүүлсэн байна. Мөн цахим орчинд энэ үгийг ашиглан эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх учиртай.

Сэтгэгдэлүүд