Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 74 хувьтай байна

Мэдээ, мэдээлэл
November 26, 2020
1639
Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм.  Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.
Сэтгэгдэлүүд