Эдийн засгийн өсөлт бага, өндөр инфляци ноёлсоор байна.

Мэдээ, мэдээлэл
September 21, 2022
591
АХБ-наас бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцууллаа.
Азийн Хөгжлийн Банкнаас эрхлэн гаргасан эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляци болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой байна.  

Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2022 шинэчилсэн тайланд тусгаснаар 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3%-ийг бууруулж 1.7%-д, ирэх оны төсөөлөл 5.6%-ийг мөн бууруулж 4.9% болгосон байна. Энэ нь худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцийн улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой байлаа.    

“Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч, ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Инфляци өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсч байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэж онцлон тэмдэглэв.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад хязгаарлалт илүү удаан хугацаанд үргэлжилснээс гадна ОХУ-Украйны дайны нөхцөл байдал ужгирч байгаа нь гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ, түүгээр дамжиж дотоодын үнийн түвшин эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болгож, аж үйлдвэрлэлийн салбар болон бизнесийн хүлээлтийг муутгасаар байна. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа өмнөх хүлээлтээс хойшлогдлоо. Гэхдээ цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалт, хатуу арга хэмжээг энэ оны 2 дугаар сараас эхлэн цуцалж эдийн засгийг нээсэн, төсөв, мөнгөний бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлсэн нь дотоод эрэлтийг дэмжсэн болно.   

Инфляци огцом өсч сүүлийн 16 сарын турш төв банкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна. Нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсны дотоодын үнийн түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүнс, түлш шатахуун, хэрэглээний барааны импортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалж инфляци өндөр түвшинд хэвээр байна. Импорт огцом өсөх, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах, экспортын түүхий эдийн үнэ буурах зэрэгтэй уялдан төлбөрийн урсгал дансны алдагдал 2022-2023 онд өнгөрсөн 4 дүгээр сарын төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад шинээр хязгаарлалт хийх, экспортын түүхий эдийн үнэ буурах, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах болон мөнгөний бодлого огцом чангарах, тэдгээрийн дотоодын эдийн засаг дахь сөрөг үр дагавар даамжрах, дотоодын санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах зэрэг нь дээрх төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Сэтгэгдэлүүд