Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртсөн 359 нэгж талбарыг хүчингүй болгожээ

Мэдээ, мэдээлэл
October 10, 2022
496
 
Барилга хот байгуулалтын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар салбарт хийгдэж байгаа ажлын явцын мэдээг газар хэлтсийн дарга нар тайлагналаа.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: 10-р сард багтаан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх обьект дээр захиалагчийн хяналтыг тавьж дуусгах, төслийн явцууд ямар байгаа талаар мөн барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийсэн магадлалын ажилд аудит оруулан ажиллаж байна.
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг: Цементийн үнэ болон ханган нийлүүлэлт, “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг танилцуулав.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Хөшигийн хөндийн газар чөлөөлөлтийн явцын мэдээллийг өгөв. Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртсөн 2533 нэгж талбараас 507 нэгж талбарыг байршил шилжүүлж, 359 нэгж талбарыг хүчингүй болгосноор нийт 866 нэгж талбарыг шийдвэрлэсэн байна. Богдхан төмөр замын трассын дагуу төв аймагт 103, нийслэлд 1298 нэгж талбар буюу нийт 1401 нэгж талбар давхцалтай байгаа бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 75 нэгж талбар газрыг трассаас чөлөөлж, Төв аймагт 44, нийслэлд 280 нэгж талбар нийт 324 нэгж талбарын байршил шилжүүлжээ.
Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
✅ Цементийн хомсдол болон үнийн хөөрөгдэлтэй холбоотойгоор зах болон зарим үйлдвэрүүдийн байдалтай газар дээр нь танилцан ажиллаж, шаардлагатай арга хэмжээний зохицуулалтыг авч хэрэгжүүлэх,
✅ Дарханы цэвэрлэх байгууламж, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Ногоон нуур-“1008 айлын орон сууц” төслүүдийн ажилтай газар дээр нь танилцан ажиллах,
✅ Хөшигийн хөндийн шинэ хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг дахин танилцуулах,
✅ Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийн цахимжуулалтын мэдээллийг дараагийн шуурхай хуралдаанд бэлтгэж танилцуулах,
✅ Улсын хэмжээнд хийж хэрэгжүүлэх зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэлийг шалгах ажлын хэсэг байгуулж, явц үр дүнг эргэн мэдээлэх,
✅ Барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд болох цемент, арматурын ирэх оны эрэлт нийлүүлэлтийн судалгааг урьдчилсан байдлаар тооцож бэлтгэх.
Сэтгэгдэлүүд