Санал болгох
Тэрбээр, “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.2-т Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна, 8.3-т Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна, 8.6-д Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч нарыг бүртгэх зарыг 2022 оны 02 дугаар сарын 23-30-ны хооронд парламентын цахим хаяг, өдөр тутмын сонин хэвлэл, МҮОНРТ болон бусад цахим хаягуудаар нээлттэй зар байршуулж, мөн зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн. Товлосон хугацаанд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, Төрийн бус байгууллагаас 73, аж ахуйн нэгжээс 4, иргэнээс 72, нийт 162 хүний материал ирсэн.