Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг бөгөөд үлдсэн нь хаягдал болдог

Мэдээ, мэдээлэл
January 12, 2024
12763
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны  зах зээлийн 60 орчим  хувийг хангадаг. Энэ нь жилд есөн сая хос оймс гэсэн үг юм. Мөн 20 орчим улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсныг “Янмал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав хэллээ.
Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжвэл ноос, ноосон бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортоо дорвитой нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.

Манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг бөгөөд үлдсэн нь хаягдал болдог. Цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, ноосоо 100 хувь ашиглах ёстойг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.
Ингэснээр улсын эдийн засаг сайжирч, ажлын байр олноор бий болох, малчдын ахуй амьдрал дээшлэх гээд олон давуу талтай гэж үзэж байна.
Иймээс орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий томоохон үйлдвэр байгуулах талаар судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт чиглэл болгов. Мөн иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Хөнгөн үйлдвэрлийн салбарт үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд ноос, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд гэхэд л 170 орчим тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна.
Сэтгэгдэлүүд