Өнөөдөр ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ өдөр

Мэдээ, мэдээлэл
May 03, 2019
900
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд хэвлэл мэдээллийн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.  

Өнөөдөр та бүхэн үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн түүхээ эргэн харж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг шүүн тунгааж, ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор зорьж байна. 

Манай улсын замнаж ирсэн нийгмийн аль ч тогтолцоон дахь ард олны оюун санааны амьдралд та бүхний мэргэжил, үйл хэрэг чухал нөлөөтэй, үнэмлэхүй өндөр байр суурьтай явж ирлээ.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар бартаа нугачаатай эгэл бус замаар урагш тэмүүлсэн он жилүүдэд сэтгүүлч та бүхний хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүлзүйг төлөвшүүлэх чин эрмэлзэл, мятрашгүй зүтгэл тань шударга үнэний дуу хоолой болон нийгэмд түгж, нийгмийн бусармаг, шударга бус аливаа үг, үйлдэлд хатуу хяналт тогтоож  ирснийг Монголын ард түмэн, төр, засаг зүй ёсоор үнэлдэг.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус, мэргэжлийн ёс зүйтэй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээ, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаад огт эргэлзэхгүй байна.

Сэтгүүлчид бол төр засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаатай болгонд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ. Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд миний бие хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарч, салбарын хараат бус байдлыг хангахад бодитойгоор дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүхний үйлс тод, үг тань хурц байх болтугай. 

Сэтгэгдэлүүд