Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэхэд бэлэн байна

Мэдээ, мэдээлэл
January 23, 2020
1407
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ хэлэлцүүлгийг “National Geographic” нийгэмлэг, “The Wyss” сан, Бүгд Найрамдах Коста-Рика болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрууд хамтран зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт МУ-ын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ: 

Монгол Улсад өнөөгийн байдлаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ нийт нутгийн 20, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг оруулбал 30 хувьд дөхөөд байна. Эдгээр нутгууд нь анхдагч экосистемийн төлөв байдлыг хадгалсан тулгуур газар нутаг болж, экосистемийн үйлчилгээний өвөрмөц голомт нутгийн үүргийг гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг саармагжуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн хувь нэмрийг тооцох зорилгоор 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн 170 гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Энэ чиглэлээр манай хийж буй ажлын бодитой үр дүн гэж үзэж болно.

Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.

2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэрүүд гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон.

Монголчууд бид дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах үйлсэд нэгдэн далай, тэнгисийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх нь энэ цаг үед чухлыг онцлохын ялдамд Далайн улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэлүүд