Он гарсаар 317 хүүхэд, хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ.

Улс төр
May 25, 2022
448
Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Тус байранд байх хугацаанд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг.
Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн шалтгаанаар хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин дуудлага өгч ирдэг байна.
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны эхний 5 сарын байдлаар  317 хүүхэд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд хамрагджээ.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, хүүхдийн оролцоонд тулгуурлан хүүхдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбокс үйлчилгээг үзүүлж байна. Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудад тогтвор суурьшилтай ажиллах, мэргэшсэн хүний нөөцийн асуудал тулгарч байна. ажилчдын нийгмийн хангамж, цалин урамшууллыг нэмэх асуудлыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилж байлаа. Түүнчлэн олон нийтийн хүүхэд хамгааллын ойлголтыг сайжруулах, хүүхэд хамгааллын төрөлжсөн үйлчилгээг нэвтрүүлж олон улсын жишигт хүргэх хэрэгцээ бий. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өрсөн хүүхдийг тусгаарлах ёстой ч түр хамгаалах байрны нөхцөл байдлаас шалтгаалан тэр бүр тусад нь өрөөнд оруулах боломж бүрдэггүй байна.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон тусгайлсан үйлчилгээ, хэрэглэгдэхүүн байдаггүй. Түр хамгаалах байранд хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдлэх нөхцөл хангагдаагүй, хамгаалах байрны орчны хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдээс хүслээ.

 
Сэтгэгдэлүүд