Засгийн газар 2023 онд нэг их наяд төгрөг хэмнэнэ

Мэдээ, мэдээлэл
October 19, 2022
414

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament”  цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.  
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Сэтгэгдэлүүд